“Говийн чоно-2016” олон улсын сургалт, дадлага сургууль амжилттай болж өндөрлөлөө
Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, АНУ-ын Номхон далайн цэргийн командлал, Аляскын үндэсний гвард хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн гамшгийн хор уршгийг арилгах, туршлага солилцох “Говийн чоно 2016” энэ удаагийн сургалт дадлага сургууль амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү олон улсын сургалт, дадлага, сургуулийн хаалтын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Австралийн армийн хошууч генерал, АНУ-ын Номхон далайн армийн дэд командлагч-генерал Грегори К.Билтон нарын албаны хүмүүс оролцов.
Энэ удаагийн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийн онцлог нь анх удаа орон нутгийг оролцуулж гамшгаас хамгаалах менежментийн гурван түвшний уялдаа холбоог хангах практик үйл ажиллагаанд түлхүү тулгуурласан дадлага сургуулийг хийж, холбоо мэдээллийн орчин үеийн техник хэрэгслийг ашиглаж орон нутгийг нэгдсэн удирдлага, шуурхай мэдээ, мэдээлэл хангах дадлагыг амжилттай зохион байгууллаа.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн Газар, ОБЕГ-аас газар хөдлөлтийн үеийн гамшгийн хор уршгийг арилгах нэгдсэн төлөвлөгөөнд орон нутгийн түвшинд хэрхэн удирдлагаар хангах, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгөх чиглэлээр гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох боломжийг эрэлхийлсний дээр олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах ажиллагаанд Зэвсэгт хүчний хүч хэрэгслийг ашиглах, хамтран ажиллах дадлага сургууль зохион байгуулсан нь ач холбогдолтой боллоо.
Газар хөдлөлтийн гамшгийн эхний үе шатанд үүсэх нөхцөл байдал, шуурхай удирдлага зохицуулалт, гамшгийн үеийн удирдлагын төвийн үйл ажиллагааны зохицуулалт олон улсын тусламжийг хүлээн авах, тусламжийг түгээх, үр дүнтэй удирдлагын систем тогтоох зэрэг олон зүйлийг суралцаж, чадвар, чадамжаа сайжруулсан онцлог талтай байлаа. Бид бүхэн “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсын санаачилгаар Азийн бүс нутгийн томоохон арга хэмжээ болгон өргөжүүлэх зорилт тавин ажиллах болсныг энэ дашрамд тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Учир нь энэхүү сургалт, дадлага сургуулийн зохион байгуулалт, үр дүн жилээс жилд сайжирч, оролцогч гадаад улс орон, олон улсын байгууллага төдийгүй дотоодын байгууллагын тоо өсч байна. “Говийн чоно-2016” олон улсын сургалт, дадлага сургуульд Непал улсын хүндэт зочин Непалийн Армийн батальон захирагч, дэд хурандаа Буван Пурна Сатаял өнгөрсөн жил өөрийн улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшигтай тэмцсэн бодит амьдралын туршлагаасаа бид бүхэнтэй хуваалцлаа.
Бидний хамтын үзэл санаа энэхүү дадлага сургуулийг олон улсын арга хэмжээ болгосноор Азийн бүс нутгийн хэмжээнд бэрхшээл хүндрэлээ ярилцдаг, харилцан бие биедээ тусалдаг, туршлагаа хуваалцдаг, асуудлыг шийдвэрлэдэг нэгдсэн ойлголт, чадавхтай болно. “Говийн чоно 2016” сургалт, дадлага сургуулийг олон чухал үр дүнд хүрсэн, өмнөх сургалтуудаас ихээхэн онцлог арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна” гэж онцоллоо.
Мөн тэрээр, энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулсан, зохион байгуулагч төрийн болон төрийн бус байгууллагууд, ЗХЖШ, Орхон аймгийн ЗДТГ, НҮБ-ын салбар агентлагууд, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудын төлөөллүүд, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, Ази Номхон далайн цэргийн командлал, генерал Г.Вилтон, Аляскын үндэсний гварди, Холбооны онцгой байдлын газрын төлөөлөл, Япон Улс, БНСУ, Непал Улсын армийн төлөөлөлүүд болон оролцсон бүх хүмүүст гүн талархал илэрхийлсэн юм.