“Говийн чоно-2016” сургуулилтаар болзошгүй гамшгийн талаар туршлага хуваалцаж байна
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулж байна. ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
“Говийн чоно” сургуулилтыг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн олон улсын дасгал сургуулилт юугаараа онцлогтой вэ?
– Онцгой байдлын ерѳнхий газраас Ази, номхон далайн цэргийн командлалтай хамтраад найман жилийн хугацаанд “Говийн чоно” дадлага, сургуулилтыг тав дах удаагаа зохион байгуулж байна. Ѳмнѳ нь уул уурхайн, газар хѳдлѳлт, тѳмѳр замын осол, гамшгийн үед хэрхэн хариу арга хэмжээ авах талаар ихэвчлэн тѳлѳвлѳлтийн чиглэлээр сургалт зохион байгуулж байлаа.
Тэгвэл энэ удаа бид сургалтынхаа цар хүрээг өргөжүүлээд анх удаа орон нутгийг оролцуулсан сургалт зохион байгуулж байна. Хун ам ихээр тѳвлѳрсѳн хот суурин газар зохион байгуулах нь зөв юм байна гэж бодсон. Тиймээс Улаанбаатараас гадна Орхон-Уул аймагт газар хѳдлѳлтийн гамшгийн хор уршгийг арилгах дадлага, сургуулилтуудыг явуулж байна.
Газар хѳдлѳлтийн эрсдэлтэй бүсээр нийслэлийн араас Эрдэнэт хот нэрлэгдсэн байсан. Үүнтэй холбоотой гэж ойлгож болох уу?
– Тийм. Монгол Улсад 1957 оны хүчтэй газар хѳдлѳлтѳѳс хойш ард түмнийг цочирдуулсан газар хѳдлѳлт хараахан бүртгэгдээгүй байна. Гэхдээ судлаач, шинжээчдийн үзэж байгаагаар манай улсын газар хѳдлѳлтийн хамгийн эрсдэлтэй бүсээр Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг нэрлээд байна. Эрдэнэт хотын хувьд уулын баяжуулах үйлдвэрийн тэсэлгээтэй холбоотойгоор эрсдэл үүсэх магадлал өндөр бүс. Тиймээс тус аймагт гамшгийн үед хэрхэн ажиллах талаар сургуулилт хийгдэж байгаа. Мѳн Жаргалант суманд нүүлгэн шилжүүлэлтийн дадлага сургуулийг зохион байгуулна. Нүүлгэн шилжүүлэлт гэхээр манайхан гэр орныг нь машин тэргэн дээр ачаад нүүлгэх юм шиг ойлгоод байдаг.
Зѳвхѳн гамшгийн эрсдэл үүссэн нѳхцѳлд, богино хугацаанд хэрхэн нүүлгэн шилжүүлэлтийг зохион байгуулж болохыг уг сургуулилтаар үзүүлэх юм. Нүүлгэн шилжүүлэлтийн үед нэг хүнд ногдох орон зай, талбайнаас эхлээд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх нь хүртэл бүгд олон улсын стандарттай. Гадны улсуудад гамшиг, ослын үеэр майхан, саравчийг ѳргѳн хэрэглэдэг. Манай нѳхцѳлд монгол гэрийг түлхүү ашиглаж болно шүү дээ.
Энэ утгаараа орон нутгийн удирдлагад монгол гэрийн нѳѳцийг бий болгохоос эхлээд бид ѳѳрсдийн орчин нѳхцѳл, ахуйд тохирсон арга хэмжээг авахыг урьдаас бэлтгэх нь зүйтэй. Мѳн энэ үеэр төмөр замаар хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авах, үдэн гаргах дадлагыг хийхээр төлөвлөж байна. Аливаа гамшиг, осол болоход гаднаас тусламж үйлчилгээ ирдэг, түүнийг хурдан шуурхай хугацаанд хэрхэн ямар дамжлагаар хүлээж авахад хүртэл бэлтгэгдсэн байх ёстой.
Холбогдох байгууллагууд гамшгийн үед яг ямар байдлаар хамтарч ажиллах нь үр дүнтэй вэ?
– Гамшиг, ослын аюулд нэрвэгдсэн үед удирдлага хамгийн чухал. Удирдлагыг гурван түвшинд хэрэгжүүлээд байгаа юм. Стратегийн түвшин, тактикийн түвшин, үйл ажиллагааны түвшин гэж. Стратегийн түвшин нь шийдвэр гаргагч буюу Засгийн газар, Улсын онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа удирдлагыг яриад байгаа юм. Тактикийн түвшин нь орон нутагт тохиолдсон гамшгийн үед аймгийн засаг захиргаа, засаг дарга зохих арга хэмжээг авахыг хэлж байгаа бол үйл ажиллагааны түвшин гэдэг нь гамшгийн голомтод ажиллаж буй байгууллага, иргэн, аврагчдыг хэлэх юм. Бид энэ гурван шатныхаа уялдаа холбоог л маш сайн сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, газар хѳдлѳлтийн гамшиг тохиолдлоо гэхэд гамшгийн хариу арга хэмжээг хэн яаж авах, гамшигт ѳртѳгсдѳд эмнэлгийн тусламжийг хэзээ нь хүргэх, хоол хүнсний тусламжийг хэн яаж зохицуулах зэргийг бодлогын түвшинд цогц болгох хэрэгтэй. Ийм үед онцгой байдал, цагдаа, эмнэлэг зэрэг холбогдох байгууллагууд хэрхэн ажиллахыг нарийн тусгаж, эхнээс нь тѳлѳвлѳх хэрэгтэй байна.
Хичнээн орноос төлөөлөгчид ирж туршлага солилцож байгаа вэ?
– Непал, Солонгос, Япон, Хятад зэрэг орноос энэ чиглэлээр мэргэшсэн төлөөлөгчид ирсэн. Жилээс жилд сургуулилтад оролцох сонирхолтой орнууд нэмэгдэж байна. Хүсэлт гаргаж байна. Магадгүй хоёр, гурван жилийн дараа энэ сургалт, дасгал сургуулилт Ази тивийн хэмжээнд зохион байгуулагдахыг үгүйсгэхгүй. Учир нь Ази тив газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог. Энэ сэдэв тэдний хувьд анхаарал татахуйц гол сэдэв юм.
Өнгөрсөн онд Непалд болсон газар хөдлөлтийн голомтод оролцож байсан төлөөлөл энэ удаагийн сургуулилтад оролцож байна. Тэдний зүгээс өөрсдөд нь тохиолдсон бэрхшээлээс үүдсэн туршлагыг бидэнтэй хуваалцаж ололт амжилтаа солилцож байна. Тэд гамшгийн эхний үед удирдлагаа хэрэгжүүлж чадахгүй самгардсан гэсэн. Ингээд удирдлагыг хэн хэрэгжүүлсэн гэхээр Непалийн Армийн зэвсэгт хүчнийхэн хэрэгжүүлээд дараагийн шатанд холбогдох байгууллагууд, олон улсын байгууллагууд, НҮБ-ын тусламжийн байгууллагууд удирдлагыг дамжуулсан байгаа юм.
Арми шат, шатны байгууллагууд оролцоод ирэнгүүт удирдлагынхаа үндсэн чиг үүргээсээ дэмжлэг үзүүлэхэд голлон оролцоод явсан. Бид гамшгийн үед ямар удирдлагатайгаар ямар чиг баримжаатай ажиллах тал дээр туршлагагүй. Тиймээс энэ тохиолдлоос харахад Онцгой байдлын ерѳнхий газар эхний удирдлагыг хэрэгжүүлж болох юм. Хэрвээ Онцгой байдлын ерѳнхий газар адилхан гамшигт ѳртсѳн байвал хэн орлож, удирдлагын шийдвэрийг хэн гаргах вэ гэх мэтчилэн маш олон асуултын хариуг олохын тѳлѳѳ ажиллаж байна.
Хамтарсан дадлага, сургуулилтын үр дүнг хэрхэн харж байна вэ?
– Азийн, бус нутгийн хэмжээнд аливаа гамшиг, осол тохиолдлоо гэж бодоход бүгдээрээ нэг стандарттай байх ёстой. Наад зах нь аврагчид маань хэл устай байж хоорондоо ойлголцчихдог байх хэрэгтэй. Олон улсын аврах баг хүрээд ирэхэд ашиглаж мэдэх ижилхэн багаж хэрэгсэлтэй, хүргэж буй тусламж үйлчилгээ адилхан байх зэрэг олон зүйлийг ирээдүйгээ бодож хийхээр тѳлѳвлѳж байна.
Сүүлийн үед манай улсад мэдрэгдэж буй газар хѳдлѳлтийн давтамж ихэссэн гэсэн. Үнэн үү?
Нэмэгдэж байна. Ялангуяа гурваас дээш магнитудын газар хѳдлѳлт жил ирэх тусам нэмэгдэж байна. Он гарсаар хэд хэдэн аймагт ойрхон газар хѳдѳллѳѳ. Цаг хугацааны хувьд давтамжтай хедлѳѳд эхэлвэл 60, 70 жилийн ѳмнѳх газар хөдлөлт давтагдахгүй гэх газаргүй. Энэ бүхэн бидэнд дохио ѳгѳѳд байна гэсэн үг. Дохио өгөөд байна гэдэг чинь бэлэн байдлаа ханга, бэлтгэлтэй бай гэсэн үг шүү дээ.