Жаахан хүлээчих, би удахгүй бүхнийг илчилнэ
2016.03.23

Жаахан хүлээчих, би удахгүй бүхнийг илчилнэ

Болж буй үйл явдлын талаар өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Х.Баттулга ийм тайлбар өгсөн юм. 

-Таны эргэн тойрондох хүмүүсийг ээлж дараалан барьж цагдан хорьж, саатуулж байгаа цаад шалтгааныг та юу гэж ойлгож байна вэ?

-Тавантолгойг олон жилийн хугацаатай гадныханд зарах гэж байсан булхайг нь илчиллээ хэмээн миний эргэн тойрон дахь хүмүүсийг баривчилж, шалгаж байна. Анх эрчүүдийг нь хэрэгт тулган баривчилж байсан бол одоо эмэгтэйчүүд рүү дайрах боллоо. Б.Батзаяаг “Шинэ төмөр” замын хэргээр таван сарын турш баривчилж тамалсан. Гэвч юу ч гараагүй. 

Г.Түвшинжаргалыг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа гэсэн. Энэ талаар? 

-Тэр хүнд мөнгө угаах, захиран зарцуулах эрх байхгүй. Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ. Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Тавантолгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн. Гамин цэргийг ялсан монгол цэргийн өдрөөр энэ асуудлыг яаж шийдэхийг харцгаая. 

Г.Түвшинжаргалтай хамтарч ажиллаад удаж байна уу?

-Зургаа, долоон жил байх. Өнөөдөр баригдсан эмэгтэйтэй арав гаруй жил хамт ажиллаж байна. 

Г.Түвшинжаргалыг бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэж шалгаж байгаа гэдэг нь үнэн үү?

-Тэр хүн ямар бичиг баримтыг, ямар зорилгоор хуурамчаар бүрдүүлэх юм бэ. Та нар бодоод үз л дээ.

Сайншандад байгаль орчны үнэлгээ хийсэн компанийн ажилчдыг мөн хорьсон байсан?

-Тэр компанийг сонгон шалгаруулах ажлыг би биш, яамны Төрийн нарийн бичгийн дарга хариуцсан. Тэр компани мөнгөө ч бүрэн аваагүй юм билээ. Гэтэл захирлуудыг нь баривчилж байна. 

Төмөр замын төсөл дээр гадны компаниуд ажилласан. Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдэг? 

-Юу гэж дээ. Хуурамч бичиг баримт гэдэг ойлголт миний ой сэтгэхүйд байхгүй. Монгол Улсыг олон жилээр хүчгүйдүүлэн, хараат бус болгон, тамирдуулсны дараа хүссэн зүйлээ хийнэ. Энэ бол улс төрийн хэрэг. 

Энэ бүхнийг хэн зохион байгуулсан гэж...? 

-Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя.