Эко хатагтайн төрсөн өдөр
Хоёрдугаар сарын 2 бол их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр. Энэ өдөрт МАН-ынхан багагүй ач холбогдол өгдөг. Их жанжны төрсөн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр болсон.
Тэгвэл их жанжны мэндэлсэн өдөр НИХТ-ын төлөөлөгч, НИТХ-ын Байгаль орчин Экологийн хорооны дарга, "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-гийн дарга асан Б.Саранчимэг төрсөн байдаг. Улаанбаатарт эко орчинг бүрдүүлж, нийслэлчүүдийнхээ амралт, зугаалгад зориулж хоосон шороо байсан газрыг бүхэл бүтэн цэцэрлэгт хүрээлэн болгож өөрчилсөн нь түүний гавъяа.
Өөрөөр хэлбэл, эрчүүд шиг улстөржиж хэрэлдэх биш эмэгтэйчүүд бол зүтгэсэн зорьсон ажлаа хэрхэн бүтээж чаддагийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтаас харж болно. Харамсалтай нь, нийлэлийн МАН-ыхны хотын даргыг огцруулах өргөх бичигт гарын үсэг зурсан нь түүнийг ажлаас нь огцруулах шалтгаан болсныг тухайн үед олон хүн шүүмжилсэн.
Ногоон байгууламж нь жилээс жилд устсаар байсан Улаанбаатарт эко орчинг бүрдүүлэхийн төлөө багагүй зүтгэсэн тэрбээр “эко хатагтай” нэр хүртэл зүүгээд авсан. Ямар ч байсан түүний бий болгохоор зорьсон ажлын үр дүнд өнөөдөх нийслэлчүүдийн өвөл, зун хавар, намар гэлтгүй зорьж очдог газруудын нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болсон.
Шарилж ургаж, хог хөлөөр хөглөрч газар цэцэг ургадаг болгосон эрхэм эко хатагтайд төрсөн өдрийн мэнд.