2016.01.14

АБГББХ улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилласан

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг сонгох тухай хэлэлцсэн.

Байнгын хорооны даргыг нэг жилийн хугацаатай томилдог, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус байнгын хороог даргалж байсан юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Өнгөрсөн хугацаанд эхлэн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах тал дээр хичээж ажиллалаа. Ний нуугүй хэлэхэд гадаад бодлогын нэгдмэл байдал нилээн алдагдсан яам, тамгын газар бие даасан бодлоготой, зарим үед орон нутгийн засаг дарга нар хүртэл бие даан гадаад улсаас тусламж дэмжлэг авдаг замбараагүй байдалтай байв.  Үүнийг байнгын хороо онцгойлон анхаарч ажлын хэсэг гарган үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгснөөр гадаад бодлого эмх цэгцэндээ орж байна.

Дахин хэлэхэд АБГББХ улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажилласан. Монгол улсын аль ч улс төрийн нам, гадаад бодлого, батлан хамгаалах салбарт нэгдмэл байр суурьтай, харьцангуй улс төрийн тогтвортой бодлого явуулдаг нөхцөл байдал байнгын хороонд хадгалагдаж ирсэн.

Хамтарч ажилласан байнгын хорооны гишүүддээ баярлалаа. Нэр дэвшиж буй М.Сономпил гишүүнд ажлын амжилт хүсье” гэлээ.