Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохын төлөө байна
Сонгуулийн тухай хуулийн төслийг эдүгээ УИХ-аар хэлэлцэж буй. Үүнд “Санал хураалт болох өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байгуулагдсан нам л сонгуульд оролцох эрхтэй” гэсэн заалт бий.
Үүнээс амжих гэсэн мэт шинэ намууд шил даран мэндэлж байна. Тэгвэл хэсэг залуу Бие даагч иргэдийн холбоо байгуулжээ. Уг холбооны зохицуулагч, Улс төр, менежментийн академийн Захирал Д.Уламбаяртай ярилцлаа.
-Яагаад нам байгуулахын оронд бие даагчдыг нэгтгэх гэсэн юм бэ?
-Сонгуулийн хуульд байгаа цорын ганц улстөржсөн үг бол бие даагч. Энэ үгийг сонссон хэнд ч сонгууль бодогдоно. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад сумаас эхлээд УИХ-ын түвшинд бие даагчдын дуу хоолой тодорхой хэмжээгээр нэмэгдэх магадлалтай байна. Гэвч бие даагчдад олон сул тал бий. Тусдаа мөрийн хөтөлбөр, амлалт өгдөг. Тэгвэл нэгэнт бий болох гэж буй бодит байдлыг ад үзэхийн оронд зөв зохион байгуулалтад оруулбал улс орны эрх ашигт нийцнэ гэсэн үүднээс багш нар, улс төр судлаач, нэр сэвтээгүй, өндөр албан тушаал хашиж байгаагүй залуус нэгдэж, Бие даагч иргэдийн холбоо гэдэг төрийн бус байгууллага үүсгэсэн. Зохион байгуулалтын дараа дараагийн шатны ажилдаа ороод явж байна. Бидэнтэй нэгдэхээр сонирхлоо илэрхийлж буй хүн олон. Гэвч хүссэн бүрийг авах боломжгүй. 48 тойрог л бий учраас эх орныхоо төлөө сэтгэлтэй, оюунлаг, зөв залуусыг тодорхой шалгуураар элсүүлнэ. Хүмүүстэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлээд явж байна.
-Ирэх сонгуулиар УИХ-д сонгогдох бие даагчдын тоо өсөх магадлалтай байгааг улстөрчид ч ярьж байна. Гэхдээ үүнийг тогтоосон бодитой судалгааг та бүхэн хийсэн үү?
-Манай академиас гурван ч удаа судалгаа хийж үзсэн. Нийслэл болон 4-5 аймгийн төлөөлөл 4000 хүн хамруулсан уг судалгаагаар УИХ-д суудалтай таван намын рейтинг нийлээд оролцогчдын 45 хувийн саналыг авсан бол 35 хувь нь бие даагчдыг дэмжинэ гэсэн дүн гарсан. Энэ байдал сонгууль хүртэл хадгалагдах юм бол бие даагчид арай илүү суудал авах боломжтой. Бид судалгааны дүнгээ бусад байгууллагынхтай харьцуулсан, оройлцоо гарч байгаа. Нөгөө талдаа намууд санал хуваахын тулд бүх тойрогт хүмүүсээсээ бие даан нэр дэвшүүлж болзошгүй. Тиймээс манай холбоо нэг тойрогт болж өгвөл нэг бие даагч дэвшүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Тэгэхээр бие даагчид бараг бүлэг байгуулах хэмжээний суудал авч мэдэх нь, тийм үү?
-Зорилгоо тодорхойлоод, маш зөв хүмүүсийг нэгтгэж чадвал ийм боломж бий.
-Бие даагч олон гараад ирвэл төрийн шийдвэр буух эзэнгүй, хариуцлага үүрэх хүнгүй болно гэсэн болгоомжлол бий. Олон өөр байр суурь, үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэх амаргүй л байх даа.
-Мэдээж амаргүй. Амжилтад хүрэхийг хүсвэл маш том зөвшилцөл хийх хэрэгтэй. Зорилгоо нэгтгэж чадсан нь нэг мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцох юм.
-Сонгуулийн хуулийн төсөл бие даагчдад хэр ээлтэй, эсвэл халтай байна?
-Маш халтай. Сонгуулийн сурталчилгаа явуулах, гарын үсэг цуглуулах хугацаа богиносож, тойрог томсож буй. Зохион байгуулалтад орж, нэгдэж чадахгүй бол бие даагчид амжилтад хүрэхгүй. Нэгдэж байж л тэр боломжийг ашиглаж чадна.
-Олон жилийн турш ээлжлээд эрх барьчихсан, хууль эрх зүйн орчноо өөртөө тааруулж өөрчлөн хана хэрэм босгочихсон хүмүүсийн дундуур хэдэн бие даагч орж ирлээ гээд юу хийж чадах вэ?
-Дуртай хуульдаа хориг тавьж, бас батлуулахын тулд лообий хийж ажиллаж чадна. Энэ бол шийдвэр гаргахад оруулах том хувь нэмэр. УИХ-аар бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан олон хуулийг чимээгүйхэн баталж байна. Энэ урсгалыг зогсоохын төлөө ажиллах хүчтэй сөрөг хүчин байж бас чадах юм.
-Бие даагч иргэдийн холбооны гол зорилгыг тодорхойлооч?
-Бид улс төрийн, эдийн засагийн, хүмүүнлэгийн гэсэн гурван том зорилт дэвшүүлж байгаа юм. Юуны өмнө Монгол Улсыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохын төлөө ажиллана. 25 жилийн турш парламентын, зөвшилцөлийн засаглалтай явж байна. Гэтэл үр дүнд нь Монгол Улс тус тусын ванлиг, халхын ноёдын чуулган гэдэг шиг олон хэсэгт хуваагдлаа. Хариуцлага тооцох боломжгүй, дахин сонгогдох, хувийн хөрөнгө санхүүгээ арвижуулах ашиг сонирхол дээрээ нэгдэж, орондоо орох завгүй олзолдон булаалдаж юу ч хийхээсээ сийхээ больж цээжээ дэлдсэн хэсэг улс төрчид, УИХ-ын гишүүдтэй болсон. Монголын 2200 гаруй жилийн түүхийг харахад бид нэг удирдлага дор нэгдэж чадсан үе бүрдээ дэлхийн хэмжээний том тэсрэлтүүдийг хийж байсан. Худлаа гэвэл дэлхийн түүхийг хар. Тэнд шавхайтай хөлөөрөө хивсэн дээгүүр туучаад өнгөрсөн мэт ул мөрийг бидний дээдэс үлдээсэн байгаа.
Хоёрдугаарт, “20, 30, 50” гэсэн эдийн засгийн зорилт дэвшүүлсэн. 2030 он гэхэд Монгол Улсаа эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтээр дэлхийн тэргүүлэх 50 орны нэг болгоё гэж буй юм. Эдүгээ 134 дүгээрт яваа. Мөн 2030 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүнийг 30 мянган ам.долларт хүргэе. Одоо 4200 хүрээд доошоо унаж эхэлж байх шиг байна. Мөн одоо 4000 орчим доллар байгаа албан хаагчдын дундаж цалинг 2030 он гэхэд 20.000 долларт хүргэе гэж буй. Тэгэхээр 15 жилийн дотор эдийн засгийг 4-5 дахин өсгөх хэрэгтэй болно. Өнөөдөр жирийн дундаж компани хүртэл 10-20 жилийн стратеги төлөвлөгөө боловсруулаад түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хүн хүч, хөрөнгө санхүүгийн нөөцөө төлөвлөж байхад Монголын төрд алсын хараа гэж байхгүй болсон. Үрэлгэн авгай шиг өнөө маргаашаа аргалж урд хормойгоо өр зээлээр нөхөж сууна. Алсыг харсан, зоригтой бодлого боловсруулж түүндээ хүрэхийн төлөө улс төрчид нь ухаанаа уралдуулдаг тогтолцоог бий болгох хэрэгтэй байна. Ингэж чадвал бүх байгууллагууд өөрийн ажлаа үүнтэй уялдуулж төлөвлөх, гадаад дотоод түншүүдтэйгээ ойлголцоход амар болно.
Гуравдугаарт, хүмүүнлэгийн зорилгын хувьд монголчуудын үнэт зүйл, ёс зүйн цогц номлол, үзэл баримтлалыг боловсруулъя. Яг л Сионы протокол шиг, Японы Бушидо шиг, Хятадын Күнз шиг. Өмнө нь нүүдэлчдийн соёл иргэншил биднийг хамгаалж байсан. Гэвч даяаршлын үед үүнийгээ ёс зүйн номлол болгохгүйгээр Монголчууд бид тэсэж үлдэхэд хэцүү боллоо.
-1992 онд анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахад аль болох нэг хүний дарангуйллаас сэргийлсэн тогтолцоо бүрдүүлсэн. Гэтэл та бүхэн Ерөнхийлөгчийн засаглалтай болгох санал дэвшүүлж байна. Нэг хүний дарангуйлал бий болгохгүйгээр ийм засаглалтай байж чадах уу?
-Нийгэмд энэ талаар маш их болгоомжлол бий нь үнэн. Гэхдээ Монгол, Ази, Европын хөгжингүй орнуудыг харахад эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэхгүйгээр амжилтад хүрсэн түүх бараг алга. Монголын оюуны чадавхтай цөөн хүн 4-5 намд хуваагдчихаад, хамаг хүчээ улс орноо хөгжүүлэхэд биш, хоорондоо тэмцэлдэхэд зарцуулдаг. Тэдний хүчийг улс орны хөгжлийн төлөө нэгтгэх юм бол амжилтад хүрч болно. Монголчууд 1640 онд 44 халх, 4 ойрд чуулж “Их цааз” хуулийг баталж зөвшилцөөний ардчилал тогтоож байсан тохиолдол бий. Харамсалтай нь, үр дүн гараагүй. Ээлж дараагаар нэгнээ Манжуудад ховлож, уралдаж очиж отог жинсээр худалдагдсаар аажимдаа идэгдээд дууссан.
Ардын хувьсгалын анхны долоод ч ийм л түүх тохиолдсон. Одоо эрх барьж буй Ардчилсан намынхан ч яг ингэж нэгнээ хэмлэж яваа. Тиймээс хүчтэй удирдагчид зангидуулах, нэгдэх хэрэгтэй байгаа юм. Зөв зохион байгуулалттай, хүчирхэг улс болох, эсэх нь Ерөнхийлөгчийн засаглалаас хамаарна. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийг дарангуйлагч болгохгүйн тулд яаж хянах вэ гэдэг асуудал гарна. 1992 онд АИХ, УБХ-ыг байгуулсан. Тэгэхээр парламентыг хоёр танхимтай болгох хэрэгтэй. АИХ-д баг, сум, хороо бүрээс 500 гаруй төлөөлөлтэй. УБХ нь мэргэжлийн, цомхон бүрэлдэхүүнтэй байвал Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хянаад байх боломжтой.
-Энэ бүхэн Үндсэн хуульд очоод тулна. Гэтэл Үндсэн хуулийг өөрчлөх гэж гурван ч парламент дамнуулан хэлэлцэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьчихсан байна. Та бүхэн дээрх саналаа ажлын хэсэгт хүргүүлж үзсэн үү?
-Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг туг болгон мөрийн хөтөлбөртөө тусгасан нам байхгүй нь үүний шалтгаан болов уу. Парламентын цөөнх болох МАН-ын үгийг сонсохгүй байхад бид санал хүргүүлээд ч авч хэлэлцэхгүй байх. Ард нийтийн санал асуулгын тухай хууль бол аливаа хувилбараас нэгийг сонгож, асуудлыг хагалдаг. Гэтэл одоо зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөх үү, үгүй юү гэсэн тодорхойгүй зүйл асуух гээд байна. Тэгээд иргэд “Тийм” гээд хэлчихвэл араас нь ханцуй дотроо наймаалцах нь. Энэ нь ёс зүйд нийцэхгүй учраас хүмүүс дургүйцээд байгаа юм.
Ард түмнээр зургаан сар хэлэлцүүлээд, АИХ хурал дээр хоёр сар гаруйн турш яриад баталсан Үндсэн хуулийг одоо хэдхэн хүн өрөөндөө нуугдаж хэлэлцээд л баталчихна гэдэг ёс зүйн том алдаа. Үүний оронд Үндсэн хуулийн мош тодорхой хоёр хувилбар боловсруулаад түүнийгээ ард түмнээрээ хэлэлцүүлж саналыг нь тусгачихаад Парламентын засаг уу, Ерөнхийлөгчийн засаг уу гэх мэтээр тодорхой асуугаад хариуг нь УИХ ёсчлох учиртай. Одоогийн төсөлд Ерөнхий сайдад буюу намын даргад хамаг эрх мэдлийг төвлөрүүлэхээр оруулсан. Энэ нь Монголын төр буцаад нэг намын атганд орохын дохио. Энэ мэтээр процесс нь ч буруу, утга санаа нь ч луйварын шинжтэй юмыг өөрчлөлт нэрийн дор хийж байгаа энэ УИХ Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй.