Европын холбооны элчин сайдыг хүлээж авч уулзлаа
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.12.09

Европын холбооны элчин сайдыг хүлээж авч уулзлаа

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Европын Холбооноос Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгутыг хүлээж авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут Европын Холбооны улсуудын Бээжин болон Улаанбаатарт буй Элчин сайд нар жил бүр Монгол Улсын төр, засгийн тэргүүнүүдтэй хийдэг уламжлалт уулзалтаа зохион байгуулахаар ирснээ дуулгаад цаг гарган хүлээн авч буй Хөдөлмөрийн сайдад талархал илэрхийллээ.

Г.Баярсайхан сайд хөдөлмөрийн салбарт хийж буй ажлынхаа талаар товч мэдээлэл өгөхдөө Европын Холбооноос хэрэгжүүлж буй төслүүдийн үр өгөөжид сэтгэл хангалуун байгаагаа хэлсэн. Тэрбээр  “Европын Холбоотой манай улс харилцаа хамтын ажиллагааны асар баялаг түүхтэй. Хөдөлмөрийн салбарт Азийн хөгжлийн банк, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгээр 11 төсөл хөтөлбөр хэрэгжиж буйн хоёр нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Монголын хөгжлийн гол хөдөлгүүр болох өндөр мэргэжилтэй, ур чадвар сайтай залуусыг сургаж буй мэргэжлийн боловсрол сургалтын 81 байгууллагын чадавхийг сайжруулахад чиглэсэн Европын Холбооны төслийн үр дүнд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, чанарын баталгаажуулалтын чиглэлээрх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлийн чанарын шаардлагуудыг хангасан мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэн гаргах үндэс суурь батжих юм. Бид салбарын хэмжээнд хэрэгжижи буй төсөл хөтөлбөрүүдийн уялдаа холбоог сайжруулж үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Нэгдсэн төслийн албыг шинээр байгууллаа. Энэ нь урт хугацаанд яамны бодлогыг төслийн үйл ажиллагаатай уялдуулах сайн талтай гэж үзэж байгаа” хэмээсэн.

Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут Европын Холбооноос хэрэгжүүлж буй төслүүдийн хувьд бодлогын тал дээр дэмжлэг үзүүлэхэд анхаардгаа яриад Монголын хөдөлмөрийн зах зээл өргөжин тэлж, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын чадавхи сайжирч ур чадвартай мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд цаашид ч хувь нэмрээ оруулна гэлээ.

Ханс Дийтмар Швайсгут Европын Холбооны Бээжин дэх Төлөөлөгчийн газрыг тэргүүлдэг бөгөөд Европын Холбоог Монгол Улсад төлөөлдөг. Монголын талын хамтрагчид болон Улаанбаатар хотноо Элчин сайдын яамтай Европын Холбооны гишүүн орнуудтай харилцахад илүү дөхөм болох зорилгоор 2006 оноос Хамтын ажиллагааны газраа Улаанбаатар хотноо нээжээ.