Өвөлжилтийн бэлтгэл 85.7 хувьтай хангагджээ
Өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Г.Ариунбуян, Гамшгаас урьдчилан сэргийлэх гзарын дарга Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагджээ. Зайлшгүй бүрдүүлэх ёстой өвс, тэжээлийн 33 хувийг нөөцөлсөн байна.
Засгийн газрын тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29 мянган тонн өвс бэлтгэхээс 23 мянган тонн буюу зайлшгүй бүрдүүлэх ёстой нөөцийн 78 хувийг хангажээ. Мөн 11 мянган тонн тэжээл бэлтгэхээс 3 мянган тонн буюу 30.1 хувийг бэлтгэсэн байна. Улсаас баталсан төсвийн хөрөнгөөр энэ онд шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг 100 хувь бүрдүүлээд байгаа аж.
Нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсон бөгөөд 40 орчим хувьд нь өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй байгаа юм байна. Одоогоор Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дундговь зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 7-40 см-т хүрчээ. Зарим аймаг шуурхай албаны болон түргэн тусламжийн автомашингүй байгаагаас өвөлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлтэй байгаа гэнэ.
“Өвөлжилт хүндэрсэн тохиолдол бид албаны төлөвлөгөөгөөр үүрэг гүйцэтгэнэ. Нийт 4 мянга гаруй албан хаагч, туулалт сайтай 38 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана. Мөн орон нутгийн гамшгаас хамгаалах 253 алба, мэргэжлийн анги байгууллагатай хамтран нийт 22 мянган хүн ажиллах бэлэн байдлыг хангаад байна” хэмээн ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян хэлэв.