Өсвөрийн аврагчид түймрээс хүний амь аварчээ
ОБЕГ “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийн үр дүнг өчигдөр тайлагнав.
Энэ үеэр ОБЕГ- ын дарга, бригадын генерал Т.Бадрал, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Винсент Эдвардс нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Уг хөтөлбөрийн хүрээнд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах чиглэлээр улсын хэмжээнд 167 үндэсний сургагч багш бэлтгэсэн байна. Сургагч багш нарын тусламжтайгаар 141 мянга гаруй иргэн болзошгүй аюул, осол тохиолдсон үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, гамшгаас урьдчилан сэргиилэх мэддэгтэй болжээ. Түүнчлэн ОБЕГ улсын хэмжээнд ерөнхий боловсролын нийт 55 сургуульд “Өсвөрийн аврагч” бүлэг байгуулсан байна.
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга Б.Ууганбаяр “Бүлгүүд гамшгийн эсрэг арга хэмжээнд маш сайн суралцсан. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн III сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүн Б.Төгөлдөр, О.Билгүүн, Э.Энхбаатар нар нийтийн байранд гарсан түймрийн үеэр олон хүнийг аварсан. Тэд өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өглөө сургуулийнхаа ойролцоох нийтийн байранд түймэр гарч байгааг анзаарч, тэнд амьдарч буй иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлж, утаанд угаартаж ухаангүй болсон эмэгтэйн амийг аварсан” гэв.