ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг яг мөн

2015.11.26
Сайт: Vip76.mn
Дугаар : 36774
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг яг мөн
УИХ-ын гишүүн Д.Батцогт

Одоо л яг цаг нь мөн. Энэ их будлиан, талцал, үл ойлголцол чинь Үндсэн хуулийн өөрчлөлт рүү шахаад байна шүү дээ. Тиймээс намууд нэг удаагийн сонгууль биш, илүү холыг харж улс орны ирээдүйг бодсон шийдвэр гаргах хэрэгтэй.

1992 оны Үндсэн хууль муу хууль биш. Төдийгөөс өдий хүртэл энэ хууль биднийг зүглүүлж, чиглүүлж явсан. Монгол Улс бүс нутагтаа үлгэрлэх хэмжээнд ардчиллыг тогтоож чадсан улс боллоо.

Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж, үүнийг дагаад Монгол Улсын нийгэм, эдийн засаг ч хурдацтай хөгжиж байна. Энэ хурдацтай хөгжилтэй Үндсэн хууль хөл нийлж чадаж байна уу гэх асуулт хариу нэхэх болсон. Би бол Үндсэн хуульд гар хүрэх цаг нь болсон гэж бодож байгаа.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуулийн хүрээнд нэг л болохгүй байгааг нь судлаачид ч, эрдэмтэд ч хангалттай хэлж, ярилаа. Тэгэхээр болохгүй байгаа зүйлээ засаж, янзлаад явах юм бол Монголын төрийн өнгө төрхөд өөрчлөлт орно, иргэдийн төрдөө итгэх итгэл сэргэнэ. Хөгжил дэвшилд хүрэх зам ч дардан болно гэж бодож байна.

Ард нийтийн санал асуулга явуулаад, хэлэлцүүлэг хийчихвэл цаг хугацаа шаардаад байх юмгүй шүү дээ. Хэдэн сар, жилээр хэлэлцүүлэг хийх шаардлага байхгүй. УИХ- ын гишүүд нам, тойрог гэхгүйгээр хамт явж иргэдтэй уулзаад, нэмэлт өөрчлөлтийн төслөө танилцуулж, заалт бүрээр нь саналыг нь сонсоё. Тэднийхээ саналыг аваад, өөрчилж чадах зүйлээ өөрчилъе, болохгүй гэснийг нь хэвээр үлдээе гэж байгаа юм.

Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй

2015.11.26
Сайт: Vip76.mn
Дугаар : 36773
Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд боломжгүй
МАН-ын дарга М.Энхболд

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Гэхдээ яг одоо, өнөөдөр засаж, залруулах боломж байхгүй. Үүнийг дөрвөн зүйлээр тайлбарлая.

Нэгдүгээрт, Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын 3/4 биднийг энэ өөрчлөлтийг хийх боломжгүй гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдийнхээ саналыг бүрэн тусгаагүй. Жишээ нь, Үндсэн хуулийг Эх хууль гэж нэрлэж байгааг ажлын хэсэг дээр яриагүй. УИХ-ын гишүүдийг 99 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгож байгааг ажлын хэсэг дээрээ мөн л яриагүй. Ард нийтийн санал асуулгаа ч яриагүй.

Гуравдугаарт, нэг үйл ажиллагааг хийхийн тулд хэд хэдэн хууль өөрчлөхийг буруу гэж үзэж байна. Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг өөрчилнө, үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд өөрчлөлт оруулна. Тэгж байж Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Тэгэхээр ийм богино хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх боломжгүй.

Дөрөвдүгээрт, улс төр, эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэн явдалд Үндсэн хууль буруугүй. Үндсэн хууль 25 жил мөрдөгдөж байна. Өмнө нь Үндсэн хуулиар улс орны тулгамдсан асуудал, олон харилцааг зохицуулсаар ирсэн.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг хугацааны хувьд, хууль зүйн хэм хэмжээний хувьд, санаачилсан гишүүдийн байр суурь, Монголын улс төрийн намуудын баримталж буй байр сууриудыг ч үзэхэд энэ УИХ бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд үед Үндсэн хуулийн өөрчлөлтийг яаран сандран хийх боломжгүй гэж үзэж байна. 


193ХҮНДЭМЖИВ
Дэмжих
64ХҮНДЭМЖИВ
Дэмжих