Итгэл үнэмшил бол айдас хүйдсээс хамаагүй илүү бат бэх хүч байдаг
УИX-ын гишүүн Л.Болд
2015.11.23

Итгэл үнэмшил бол айдас хүйдсээс хамаагүй илүү бат бэх хүч байдаг

УИX-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.

“Монголын оюутнууд 1990 оны ардчилсан хувьсгалд” хэмээх ном тань уншигчдын гар дээр очоод байгаа юм байна. Уг номыг уншаад үзэхээр 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны холбооны оролцоо тун өндөр байжээ. Тэр үед та МОХ-ны удирдлагад байж. Энэ ном хийгээд тухайн цаг үеийн түүхийг эргэн нэг сөхөхгүй юу?

-Үнэхээр 25 жилийн өмнө болсон тэр үйл явдлуудыг эргэн санаж, үнэлж цэгнэх боломжтой цаг үе бол яг одоо юм. Учир нь энэ хугацаанд дэлхий даяар өрнөсөн олон хувьсгал, хөдөлгөөн тэмцлийн гол хөдөлгөх хүч нь оюутнууд байна. Өмнөх үеийн олон хувьсгалын тулах хүч нь тэд байсаар ирснийг бүгд мэднэ. 1990 оны Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд мөн л Монголын оюутнууд байж чадсан юм. Монголын Ардчилсан хувьсгал дөрвөн чухал хөдөлгөгч хүчтэй байсан.

-Ямар, ямар гол хөдөлгөгч хүч байсан гэж?

-Төрийн эргэлт хийж засгийн эрхийг ард түмэнд шилжүүлэх улс төрийн шаардлага тавьж байсан Монголын Ардчилсан Холбоо бүхнийг оройлон гол цөм болж байлаа. Эдийн засгийн эрх чөлөөг бий болгох шаардлагыг Монголын Үндэсний Дэвшлийн Холбоо тавьж байсан бол үзэл бодол, сэтгэн бодох эрх чөлөөг Монголын Ардчилсан Социалист Хөдөлгөөнийхөн буюу Социал Демократууд шаардаж байсан билээ. Энэ гурваасаа онцлогтой дөрөв дэх тулгуур нь Монголын Оюутны холбоо бөгөөд бүх ард түмнийг төлөөлсөн, улс төрийн ямар нэг явцуу эрх ашиг, сонирхлыг илэрхийлдэггүй өргөн дэмжлэгтэй хүчин байсан юм. Хэрэв эхний гурвыг нь хувьсгалын эр зориг, хүч чадал, оюун ухаан нь гэж зүйрлэвэл энэ бүхнийг тээгч бие махбодь нь МОХ байсан юм.

Энэ номын тухайд гэвэл цаг хугацаа өнгөрөх тутам түүхийн үнэн улам үнэ цэнтэй болж эхэлдэг. Т иймээс бүхнийг үнэн зөвөөр нь хэлдэг, үнэлдэг, түүнийг хойч үедээ дамжуулдаг байх ёстой. Архивын олон чухал эх сурвалжийг судалж эмхэтгэн он цагийн дэс дараатай хэлхэн өгүүлснээрээ энэ ном түүхэн үнэ цэнтэй бүтээл болсон.

-1990 оны ардчилсан хувьсгалын үеэр 100 гаруй мянган иргэн жагсаалд оролцсоны 80-90 хувь нь оюутнууд байсан гэдэг үнэн үү. Тухайн үед оюутнуудын тэн хагасаас илүү нь МАХН-ын гишүүнчлэлтэй байсан юм билээ. Тэдгээр оюутнуудыг намынх нь эсрэг хөдөлгөнө гэдэг амаргүй байсан байх?

-Би түрүүн хэлсэн л дээ. Монголын оюутнууд ардчилсан хувьсгалын гол ар тал, тээгч нь байсан гэж. Оюутнууд аль нэг намын биш, бүүр тэрнээс ч том хүч буюу ард түмнийхээ төлөөлөл болж чаддаг онцлог талтай. Бидний монголчууд үр хүүхдээ эрдэм мэдлэг, ном ухаанд шамдуулахыг эрмэлздэг оюунлаг үндэстэн учраас оюутнууд нь дарга нарын, цэргийн, намын зүтгэлтний, малчны, ажилчны гээд л бүхий л давхаргынхны үр хүүхдүүд байсан юм. Одоо ч ийм л байгаа.

Уг номыг уншиж байхад та “Бид тусдаа хүч гэдгээ харуулах гэж тусдаа очсон. Төрийн эрхийг авах улс төрийн зорилго байгаагүй” хэмээн хэлсэн байна лээ. Үнэхээр л тийм байсан юм бол оюутнуудын гол зорилго юу байсан гэж?

-Ягтийм. Их сайхан асуулт байна. Тэр цагийн оюутнууд үнэхээр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар улс төрийн ямар нэг цанхаа, шуналгүйгээр жагсаалд оролцон өөрчлөлт, шинэчлэл, дэвшлийг шаардан жагсч байсан. Өөрчлөлт шинэчлэлт, хувь хүний эрх чөлөө, хүний эрх бол миний болон бидний нөхдийн гол зорилго, хүсэл тэмүүлэл байсан. Ийм үйл хэрэгт оролцох нь зөвхөн нэр төрийн хэрэг байгаагүй. Миний өөрийн итгэл үнэмшил ийм даацтай шийдвэрийг гаргахад хүргэсэн. Би тэр цагаас л хүний эрхийн төлөө, иргэн хүний эрх чөлөөт байдлын төлөө тэмцлийг дотоод хөдөлгөгч хүч болгосоор ирсэн юм.

-Оюутнууд одоогийн Чингисийн талбайд тугтай сүр бараа болон орж ирж байсан гэдэг. Тухайн үед зэр зэвсэг агссан тэр олон хүмүүсээс айж, сүрдэх зүйл байсангүй юу. Магадгүй нэг тушаал өгсөн бол байдал орвонгоороо эргэх байсан байх. Таны хувьд оюутнуудаа удирдан орсон болохоор түгших зүйл байсан уу?

-Итгэл үнэмшил бол айдас хүйдсээс хамаагүй илүү бат бэх хүч байдаг.

Энэ бол итгэл үнэмшил дээр суурилсан тэмцэл байсан гэж би сая хэлсэн дээ. Гэхдээ нэг зүйлийг бас мартаж болохгүй юм. Монголын залуучуудын дөрвөн байгууллагын эв эе, нэгдсэн зохион байгуулалттай уян хатан үйл ажиллагаа, оновчтой алхмууд ялалтад шийдвэрлэх нөлөөтэй байсан ч тэр үед улс орныг удирдаж байсан ухаалаг өвгөдийн мэдрэмж, байр суурь чухал байсныг дурдах хэрэгтэй. Ж.Батмөнх гуай гэхэд МУИС-ийн захирлаар багагүй хугацаанд ажиллаж байсан тул оюутнуудын хандлага, бодол санааг маш сайн ухаарах чадвартай байсан нь  ялалтад эерэг нөлөө үзүүлсэн байх талтай  юм. Гэтэл зарим тохиолдолд улс орны эрх баригч талын хатуу байр суурь эвдрэл сүйрэл, амь насны гарз хохиролд хүргэж байсныг бодвол Монголын Ардчилал хувь заяандаа баярламаар юм шүү.

-Таны улстөрийн карьер МОХ-ноос эхтэй. МОХ-ноос АИХ-ын депутат болсон гээд тэр бүгдийг эргэн харахад юу бодогдож байх юм?

-Т эр цагаас эхэлсэн миний улстөрийн замнал үргэлжилж байна. Бидний 25 жилийн өмнө эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлтийн төлөөх тэмцэл бүрэн дуусаагүй байна. Эх нутагтаа бид дэлхий дахинаа гайхуулах ардчилсан шинэчлэлтүүдийг богино хугацаанд тайван замаар улс төрийн хүрээнд хийж иргэдээ эрх чөлөөтэй, эрх чөлөөнд дуртай, эрх чөлөөгөө хамгаалах чадвартай болгож чадсан ч тэднийгээ бүрэн дүүрэн аз жаргалтай, баян чинээлэг болгож чадаагүй байна. Энэ бол бид бүгдийн эх орон, ард олныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага маань юм. Эдийн засгийн шинэчлэлтийг ардчилсан засаглалын хүрээнд шуурхай хийж ард иргэдээ тохь тухтай амьдруулах цаг, өдрүүдийг наашлуулах нь бидний эрхэм зорилго болжээ. Бид ардчилсан хувьсгалыг эхлүүлж ялалтад хүргэж чадсан шигээ улс орноо эдийн засгийн амжилтад хүргэх ёстой.