Мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
Монголын залуу эрдэмтэдийн холбоо (МЗЭХ)-ноос санаачилан дөрвөн жил тутамд залуу эрдэмтэн судлаачдын чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн V дахь чуулга уулзалт өнөөдөр “Шинжлэх ухаан ба үйлдвэрлэл” сэдвийн Төрийн ордоны Их танхимд болж байна.
Уг чуулган нь Монгол Улсын үйлдвэрлэл үйлчилгээ, судалгаа шинжилгээ, боловсролын салбарт үйл ажиллгаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг холбох замаар эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.
Монгол Улс мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгох бодлогыг баримталж байгаа бөгөөд энэхүү эдийн засагт хэрхэн хүрэх талаар олон санал санаачлагыг төрийн болон хувийн хэвшлийн түвшинд гаргасаар байна. Эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэгт суурилан үйлдвэрлэл хөгжүүлэх шаардлагатай гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна.
УИХ, Засгийн газраас мэдлэгийг баялаг болгох зорилгоор Инновацийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж эхлээд даруй 4 жил болж байна. Манай улсын хувьд инновацийн соёл, хөгжил эхлэл төдий байгаа ч мэдлэг, технологи бий болгох, нутагшуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Түүнчлэн, Аж үйлдвэрийн яам байгуулж, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлан шинжлэх ухаан, технологид суурилсан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн. Эдгээр хүчин зүйлсүүд нь эрдэмтэн судлаачдыг мэдлэгээ баялаг болгох хангалттай нөхцлийг бүрдүүлж чадсан хэмээн чуулганд оролцогчид онцлон тэмдэглэв.
Энэ удаагийн чуулганаас эрдэмтдийн судалгааны ажил, шинэ мэдлэг, шинэ санааг үйлдвэрлэлд нэвтрүүлж тодорхой нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ болгох гарцыг тодорхойлох, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн салбарын үр ашигтай хамтын ажиллагааны эхлэлийг тавих, шинжлэх ухаан, технологийн паркын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг хэд хэдэн томоохон үр дүн гарна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Чуулганд залуу эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон бодлого тодорхойлогч холбогдох яамдуудын төлөөллүүд, баялаг бүтээгч үйлдвэрлэл эрхлэгч нарын 500 гаруй төлөөлөл оролцож байна.