Тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тариалан сум, Архангай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад ажиллалаа.
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал унтраах, аврах 4 дүгээр зэрэглэлийн анги байгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд тус суманд байгуулагдах ангийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцаж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай болон орон нутгийн бусад удирдлагатай уулзалт ярилцлагга хийн, газар дээр нь шаардлагатай асуудлыг шийдвэрлэсэн.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, гал түймэр, гамшиг ослын аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх ариун үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, мөн аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр нарыг “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалайг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.
/ТВ5/
Онцгой байдлын албаны баримталж байгаа цаашдын чиг хандлага, бодлого, орон нутгаас гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, бодлогын чиг баримт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх нартай уулзах үеэрээ харилцан санал солилцов.