Хүний хувь заяаг кнопоор шийдэх нь зохимжгүй
Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр байсан боловч хойшлогдсон.
Учир нь энэ асуудалд “Шударга ёс” эвсэл завсарлагааны хугацаагаа гурав хоногоор сунгасан билээ. Тус эвсэл өмнөх долоо хоногт Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэх үед тав хоногийн завсарлага аваад байсан юм. Үүнтэй холбогдуулан тус эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгээс тодрууллаа.
-Шударга ёс” эвсэл Өршөөлийн хуулийг хэлэлцэхэд авсан завсарлагааны хугацаагаа сунгах болсон шалтгаан юу вэ?
-“Шударга ёс” эвслийн авсан завсарлагыг ямар нэг хувь хүнтэй холбогдуулж ойлгох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл энэ хуулий төслийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар гишүүдийн хангалттай ирцтэйгээр хэлэлцэх ёстой. Манай бүлгийн ажлын хэсгийн дарга гадагшаа томилолттой явсан. Бүлгийн гишүүд байхгүй, АН, МАН-ын гишүүдийн төлөөлөл бага байсан.
Тиймээс гишүүдийн төлөөллийг байлцуулах шаардлагатай байсан. Нөгөөтэйгүүр эрх зүйн байдлыг дордуулахгүй байлгах тал дээр олон улсын хууль, дүрэм, заалтыг судлах хэрэгтэй. Хүний эрхийг, эрхзүйн байдлыг дордуулахгүй гэдгээ өнөөдөр манай түвшинд юу гэж ойлгодог. Хуульчдын үзэж байгаагаар тухайн хүн дээр хэд хэдэн хуулийн зүйл заалт хэрэглэгдэх тохиолдолд эрхзүйн байдлыг нь дордуулахгүйгээр хамгийн боломжит хувилбарыг авч хэрэгжүүлдэг. Энэ жишгээр энэ хуулийг батлах ёстой гэдэг байр суурийг бид хуулийн төсөл хэлэлцэх явцад хэлж байсан.
Энэ үүднээс олон улсын судалгаа, хандлага ямар байгааг хуулийн хэлэлцүүлгийн явцад оруулах саналтай байгаа. Хүний хувь заяаг тийм, үгүй гэсэн кнопоор шийдэх нь зохимжгүй. Энэ хууль өөрөө онцлог. Нэг удаа үйлчилдэг тусгай зохицуулалтаар явдаг. Энэ хуулийг хэлэлцэх нь чухал. Хүний хувь заяаг шийдэж, тэр байтугай төр алдсан алдаагаа нэг удаа засах боломжийг өөртөө олгож байгаа асуудал юм.