Н.Батцэрэг сайдад 10 настай охин захидал илгээлээ
БОНХАЖ-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгт 10 настай М.Гангаадарь охин эзэнгүй амьтдыг асрах газар болон мал эмнэлэгүүдийг олшруулж өгөхийг хүссэн захидал гардуулж өглөө.
Сайд энэ үеэр “Монгол улсын иргэн болсон жаахан охин эх орондоо хайртай, амьтан, ус ургамалд нь чин сэтгэлээ зориулж, сэтгэл зовинож байгааг хараад бахархах сэтгэл төрж байна. Иргэн бүр экологич байх ёстой. ” гэлээ. Бяцхан иргэдийн төлөөлөл болж, хэний ч анхаарал хандуулдаггүй энэхүү сэдвийг хөндөн захидал ирүүлсэн охинд Н.Батцэрэг сайд талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд “Монгол орны ашигт ургамалын атлас”-ыг бэлэг болгож өглөө.
М.Гангаадарь захидалдаа : “Манай улсад маш олон эзэнгүй нохой болон муурнууд өлсөж бас зодуулж үхэж байна. Олон хүмүүс үүнийг зүгээр л хараад нохой бол заваан, тэд үхэх естой гэж ярьцгааж байгаа нь үнэхээр харамсалтай. Надад хэд хэдэн санаа байна: Баянзүрх, Зайсан, Налайх, Чингэлтэй, Сүхбаатар, Говь-Алтай, Дорнод, Булган, Дорноговь, Дархан зэрэг газруудад амьтдыг байршуулах газар байгуулмаар байна. Орогнуулах байр бүр Нэг ачааны машин, нэг амьтдыг сувилах газартай байх ба хөрөнгө олох арга нь буцалтгүй тусламж байх ба хүүхдүүд бид ч туслахад бэлэн байна. Би Монголд Орогнуулах байр ба Сувилах газар барих хангалттай хөрөнгө мөнгө байгаа гэж найдаж байна” хэмээн бичжээ.