УИХ-ын гишүүн Л.Болдод үгээ дайж, төрийн явуулын  үйлчилгээг хүртэв
“Явуулын нэг цэгийн үйлчилгээ-2015”
2015.10.05

УИХ-ын гишүүн Л.Болдод үгээ дайж, төрийн явуулын үйлчилгээг хүртэв

Хан-Уул дүүргийн иргэдэд зориулсан “Явуулын нэг цэгийн үйлчилгээ-2015” арга хэмжээ хэд хоногийн турш үргэлжлэв.

Үүнийг дүүргийн ЗДТГ-аас УИХ-ын гишүүн Л.Болдын ажлын албатай хамтран зохион байгуулж, хороо бүрт хүргэж ажилласан нь энэ. Арга хэмжээнд тус дүүргийн 13 хэлтэс албад оролцсон юм. Бас кадастр, наториатын хямдралтай үйлчилгээ, албан бус насан туршийн боловсролын төвийнхөн үнэ төлбөргүй үсний засалттай “бонус”-тай өдрүүд байлаа. Явуулын нэг цэгийн үйлчилгээний хамгийн эрэлттэй нь Газрын алба болон Хөдөлмөрийн хэлтэс байсан.

Нийслэлчүүдэд цахимаар газар олгож эхэлсйнтэй холбогдуулан бүртгэлийн асуудлаар мэдээлэл, тодруулга хүссэн иргэдолон байжээ. Өмчлүүлэх газрын 52 байршлаас долоо нь тус дүүргийн газар нутагт бий. Дөрвөн удаагийн сонгон шалгаруулалтаар дөрвөн байршил зарлагдаж 3000 гаруй хүн  түс дүүрэгт газар өмчлөх эрхтэй болжээ. Харин бүртгүүлсэн ч газартай болж чадсангүй гэх иргэд олноор хандаж байгааг албаны мэргэжилтэн М.Тэгшжаргал хэлж байлаа. Цахим бүртгэлийн дөрөв дэх буюу сүүлийн удаагийн шалгаруулалтад тус дүүргээс 2040 иргэн газартай болжээ.

Харин Хөдөлмөрийн хэлтэст ажлын байр, зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдийг сонирхож асуусан иргэд ирж байв. Одоогоор дүүргийн хэмжээнд 1800 гаруй идэвхтэй ажил хайгч байгаа гэнэ. Харин 250 ажлын байрны захиалга бэлэн байгааг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г. Буянхүү иргэдэд дуулгаж байв.

Түүнчлэн хөгшчүүд өрхийн эмч нарт даралтаа үзүүлж, нийгмийн ха-ламжаас хүнсний талон, рашаан сувиллын хуваарийг сонирхож байв. Иргэдийн амьдралд нэн шаардлагатай ажил үйлчилгээг ийнхүү ойртуулсан нь алба, хэлгэс бүрийн ажилтнуудын өмнө иргэд дугэарлан зогсч байгаагаас тод харагдана.

Төрийн үйлчилгээ нэг дор төвлөрсөн явуулын цэгт УИХ-ын гишүүн Л.Болдын ажлын алба ажиллаж иргэдийн санал  хүсэлтийг сонсч байв. Гэр хороолол олонтой дүүргийн хувьд иргэд гэр болон газрын асуудлаар нэлээд хүсэлтээ дайж байхтай таарсан юм. Ажлын албаныхан иргэдийн санал, хүсэлтийг тэмдэглэн авч шийдвэрлэх арга замын талаар тайлбарлаж байв. Гэртэй болгож өгөөч гэсэн хүсэлтүүдийн хариуд энэ талаар төсөл хэрэгжүүлж байгааг дуулгасан. Шувуун фабрикийнхан цахилгааны асуудалд анхаарахыг хүсэв.

Энэхүү явуулын нэг цэгийн үйлчилгээгээр нийт 5000 гаруй иргэн үйлчлүүлжээ.