Аналоги цацалтыг тоон системд шилжүүлэх ажил сүүлийн шатандаа яваа
Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн дахин дамжуулах станцыг орон даяар долдугаар сарын 15-наас унтрааж эхэлснээр есөн сарын 25-наас бүрэн унтарч манай улс тоон системд шилжлээ.
Хувиарийн дагуу есөн сарын 25-ны байдлаар Төв, Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дорно, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нийт 260 сум суурин газарт аналоги телевизийн дахин дамжуулах станцыг бүрэн унтрааснаар тухайн бүс нутгийн иргэд тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг дуу дүрсний өндөр чанартайгаар хүлээн авч үзэж байгаа.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц. Жадамбаа:
Тоон систем нь дан ганц систем сольсноор шийдэгддэггүй. Тухайн хэрэглэгч өөрийн телевиз дээр хүлээн авах төхөөрөмжөө стап бокстой холбосноор тоон системд шилжиж байгаа. Антенаар үздэг зүйл үгүй болж, дүрсний өндөр нягтралтайгаар, дууны өндөр чанартайгаар телевизийн контентыг хүлээж авна гэсэн үг.
Гаднаас импортоор оруулж ирж байгаа стап бокс DVB-T2 стандартыг хангаж байгаа эсэхэд баталгаажуулалт хийлгэж байгаа. Иргэд тухайн бүс нутагтаа холбооны газрууд болон тухайн нэгжүүдээр дамжуулан стап боксоо худалдан авна. Тиймээс салгалтын процесс хийгдэж байгаа.
Өнөөдөр аналоги системээр телевиз үзэж байгаа 160-200 мянган хэрэглэгч байгаагын тал нь буюу 100 орчим мянга нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Аналоги цацалтыг тоон системд шилжүүлэх ажил сүүлийн шатандаа яваа. Тодруулбал ирэх нэгдүгээр сар гэхэд бүрэн дуусгавар болох юм.