Далд эдийн засгийг ил болгоход л ил тод байдлын  хууль онцгой анхаарч байна
“Буйр нуур, Халх гол нөмрөгийн сав газрыг хамгаалах” хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт
2015.09.25

Далд эдийн засгийг ил болгоход л ил тод байдлын хууль онцгой анхаарч байна

Уул уурхайн компаниуд  орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Ингэснээр тухайн орон нутагт тодорхой хэмжээний хандив өгч, орон нутгийн хөгжлийг дэмжиж байдаг.

Тэдгээр компаниуд хандиваа хэрхэн ил тод тайлагнадаг талаар болон, ил тод байдлаар тайлагнах нь компанид ямар ашигтай талаар “Буйр нуур, Халх гол нөмрөгийн сав газрыг хамгаалах” хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогттой ярилцлаа.

Танай аймагт уул уурхайн компаниуд хэр их байдаг вэ?

Ашиглалтын, алтны 10, газрын тос, холимог металь, жоншны компаниуд бий. ОҮИТБ /олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал/-ын санаачлагын дагуу уул уурхайн компаниуд мэдээ тайлангаа электрон хэлбэрээр өгдөг. Ийм байдлаар бараг дөрвөн жил болж байгаа. Гэхдээ компаниудын мэдээлэл тэр болгон орж чаддаггүй. Онлайнаар явуулах ёстой гэж заасан боловч хариуцсан зүйл байдаггүй.  Орон нутгийн бодит байдал болоод мэдээлэл хоёр зөрдөг. Тиймээс ил тод байдлын тухай хуулийг гаргах шаардлага бий болсон. Концессийн хувьд ашиг орлого, хамрагдаж буй хүмүүс гээд эдийн засгийн зүйлс нь ил байх ёстой. Дараагаар нь уул уурхайн компаниуд ямар хувь эзэмшиж байна, төрийн шийдвэр нь тухайн компанид нөлөөлж байна уу эсэхийг хянаж, урьдчилан сэргийлэх л зорилготой юм.

Орон нутгийн бодит байдал болоод мэдээлэл хоёр зөрдөг
Компаниудад хэр үр ашигтай вэ?

Манай улс далд эдийн засагтай. Энэ нь эдийн засгаас олж буй ашиг нь хаалттай гэсэн үг. Монголын эдийн засаг 30 гаруй хувь нь далд байдаг гэсэн ОУ-ын судалгаа бий. Тэгэхээр зарим  компаниуд татвараас зайлсхийхын тулд өөрсдийн үр ашгаа нуудаг. Тиймээс татварын бүрдэл дутуу гарч  улсад хохиролтой байдаг. Мөн нөгөө талаараа компаниуд өөрсдөдөө ашигтай мэдээлэл гаргуулахаас урьдчилан сэргийлсэн. Эдийн засгийн ил тод байдал, хөрөнгө орлого мэдүүлгээ үнэн зөв мэдээлж байх, далд эдийн засгийг ил болгоход л энэ хууль онцгой анхаарч байгаа. Манай улсын эдийн засгийн 50 гаруй хувь нь уул уурхайгаас төвлөрдөг. Уул уурхай давалгайлсан эдийн засагтай учраас энэ хууль нь чухал юм.

Далд эдийн засгийг ил болгохоор төсөвт их ашигтай болох нь ээ?

Тийм. Монголд нийлүүлэгдэх нийт орлогын 30 хувийг мэдээллэдэггүй. Татварын орлогын 30 хувийг нь нууна гэдэг нь бүх зүйл 30 хувиар танагдаж байна гэсэн үг. Гадаадын орнуудад санхүүгийн ил тод байдал их чухал яригддаг. Мөнгөний гүйлгээ хаашаа хэрхэн гүйж байна вэ гэдгийг хянаж байх ёстой гэж үздэг. Мөнгө гарах бүртээ татвартай байх ёстой. Үүнийг гүйлгээг хянаж  чаддаггүй байж л ил тод эдийн засгийг бий болгоно.

Төрийн байгууллагуудын тайланг ил болгож байгаа юу?

Төрийн байгууллагуудын хувьд холбогдох мэдээллээ ил тод болгож, өгч байх ёстой гэсэн мэдээллийг өгсөн. Эрдэс баялагтай холбоотой төрийн байгууллагуудын тайлангаа өгч байх ёстой. Гэхдээ төрийн байгууллагуудын хувьд мэдээллийн эрх чөлөөний хуулийн дагуу ил тод мэдээлж байгаа. Харин зарим механизм нь хэрэгжихгүй байгаа учраас төдийлөн ил тод болохгүй байна.

Олон улсын стандартад шилжих нь ямар ач холбогдолтой вэ?

Уул уурхайн хариуцлагатай засаглал гэж бий. Европын орнуудад энэ нь боломжтой.  Хөгжингүй орнууд болох Канад, Австрали зэрэг сайн засаглалтай орнуудад жишиг тогтсон байдаг. Эдгээр орны жишгээр уул уурхай бол нилээн ашиг олдог, мөнгө эргэлддэг учраас уул уурхайн ил тод байдлыг чухалчилдаг.

Хуулийн хувьд УИХ-ын гишүүдээр батлагдана. Бид эрүүл биш нийгэмд амьдарч байгаа. Тийм учраас далд зүйлс маш их бий. Нэгэнт далд зүйлийг хаахын тулд УИХ-ын гишүүний ашиг сонирхол ямагт ордог. Тиймээс хуулийг УИХ-ын гишүүний ашиг сонирхолд тааруулах ёстой. Хэтэрхий их хяналт тавьчихвал эдийн засагт сөргөөр нөлөөлдөг. Энэ хууль хэтэрхий хатуу байж болохгүй. Тодорхой эдийн засгийн ерөнхий мэдээллийг бол ил мэдээллэдэг байх ёстой. Хууль батлагдсаны дараагаар нэмэлт өөрчлөлт орон сайжирч байх нь чухал.

Гадаад улсуудын Ил тод байдлын хуулийн талаар жишээ авч үзвэл ...

Энэ хууль гарах эрх зүйн орчин бүрдсэн үү?

Ил тод байна гэдэг нь хүнийг хариуцлагатай болгодог. Бүүр арилгана гэж байхгүй ч харьцангуй далд зүйлсийг нь багасгах боломжтой. Энэ хууль ч аажмаар багасгахын тулд л явж байгаа.

Компаниуд ажил нэмэгдлээ гэдэг байдлаар харж байгаа юу?

Ер нь аливаа юм хөгжихийн тулд эхлээд тодорхой хэсэгт нь хуримтлал үүсэх ёстой. Мөн хуримтлал үүсэх бололцоог нь хангах ёстой байдаг. Тэгж байж л компаниуд нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг. Хэтэрхий хянавал зарим талаараа томрох бололцоог нь хангахгүй байх хортой . Хуримтлалаа сайн үүсгээд хөгжиж байж л эргээд нийгэмд үр ашгаа өгдөг. Нийгэм  оройтой, суурьтай, өөр өөрийн ажил үүргийн хуваарьтай байх ёстой. Ажил үүргийн хувиар зөрчигдөөд байгаа учраас онцгүй нөхцөл байдал үүсч байна. Нэг талаасаа хэтэрхий хатуу байвал тухайн компанийг унагаж болно.