Нутгийн 50 хувьд бэлчээрийн ургамлын гарц сайн байна
2015.09.09

Нутгийн 50 хувьд бэлчээрийн ургамлын гарц сайн байна

Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 50 хувьд бэлчээрийн ургамлын гарц сайн, 40 хувьд тааруу, 10 хувьд муу байна. Хадлан бэлтгэлд хадуур, тармуур бүхий 5529 дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж байна.

Хадлан бэлтгэлийн техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газар тариалан, хадлангийн зориулалттай бага оврын тракторын зээлийн нөхцөлийг хөнгөлж, хугацааг уртасгаснаар 8 дугаар сард 1000 ш трактор борлуулагдаад байна. 
Улсын хэмжээнд өвөлжиж, хаваржих нийт малд шаардлагатай 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээс малчдын түвшинд өвс, хадлан 286.5 мянган тонн буюу 24.3 хувь, гар тэжээл 4.9 мянган тонн буюу 11 хувьтай бэлтгээд байна. Харин аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэвэл зохих өвс 3010.5 тонн буюу 10.2 хувьтай, тэжээл 279.9 тонн буюу 2.5 хувьтай байна. 
Энэ намрын ургацын урьдчилан балансаас тооцоход гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаанбуудайнаас 58.0 мянган тонн хивэг, 12.6 мянган тонн багсармал тэжээл, тариалалтаас 53.0 мянган тонн ногоон тэжээл нийлүүлэгдэхээр байгаа нь малын хүчит тэжээлийн дотоодын хэрэглээг хангах боломжтойг харуулж байна. 
Зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгууд Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 635.0 мянган га талбайгаас хадлан авахаар Дорнод аймагт 60 гаруй, Сүхбаатар аймагт 50 гаруй, Хэнтий аймагт 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллуулж, нийт 8136 тонн хадлан бэлтгээд байна.