“Эдийн засаг гэхээс илүү сэтгэлгээ хямарчээ”
Ардчилсан хүчний холбоо (АХХ)-ноос зүүн бүсийн чуулганаа Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулсан байна.
“Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай тус холбооныхон ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан бүсийн чуулганаа “Ардчилал-25” хэмээн нэрлэжээ. Хэнтий аймгийн Дадал сум буюу Их эзэн Чингис хааны өлгий нутаг, унасан газар, угаасан ус гэдэг Дэлүүн болдог, Чингисийн гурван нуурын дэргэд болсноороо энэ арга хэмжээ онцлог. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн, аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой нутаг учраас зориуд Дэлүүн болдогийг сонгосноо дээрх холбооны ерөнхийлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ онцлов. Зүүн бүсийг төлөөлж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн болон Дорноговийн АХХ-ны төлөөлөл болох 300 орчим залуус уг чуулганд оролцсон байна. Тэд Монгол Улсын өмнө тулгамдаад буй олон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хэрхэн шийдэх талаар туршлагаа хуваалцсан аж.
Тухайлбал, эдийн засгийн байдал хүндхэн байгаа гэж буй ч Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж буй. Тиймээс эдийн засаг гэхээс илүү сэтгэлгээ хямарчээ, хүсэл байвал ажиллаж, бүтээж болно хэмээн залуус үзжээ. Мөн чуулганы үеэр “Сумдын нислэгийг сэргээх төсөл” нэртэй хэлэлцүүлэг болсон. Социализмын үед сум, аймаг хооронд бага оврын онгодоор нислэг үйлдэж, шуудан, зорчигч, ачааны тодорхой хэсгийг тээвэрлэдэг байсан. Үүнийг сэргээх төслийг АХХ-ны залуучууд санаачилсан байна. Хэрэв уг төслийг дэмжвэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлгийн хүмүүст хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломж байгаа аж. Энэ сэдвээр АХХ-ны гүйцэтгэх захирал Б.Батхуяг илтгэл тавьжээ. Мөн АХХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын ололт, амжилт, алдаа” сэдвээр илтгэл тавьж, залууст мэдээлэл өгсөн байна. АХХ-ныхон дараагийн чуулганаа Булган аймагт зохион байгуулах гэнэ.