УИХ-ын дарга З.Энхболд Лондон хотын Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.08.21/ Лондон хотын санхүүгийн төвийн төлөөлөгч Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, ноён Сэр Пол Жаджийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, дэлхийн эдийн засгийн интеграцид идэвхтэй оролцогч болох, хөрөнгө оруулагчдад таатай эрх зүй, засаглалын тогтолцоог бүрдүүлэхийн төлөө бид идэвхтэй ажиллаж байна гэлээ. Мөн тэрээр ардчилсан засаглалтай, ханшийн чөлөөт бодлоготой, байгалийн баялаг, газар зүйн байрлал зэрэг өөрийн давуу байдлуудаа ашиглан бүс нутагтаа тэргүүлэх санхүүгийн төв болох, хөрөнгө санхүүгийн зах зээлээ өргөжүүлэн, хөгжүүлэх замаар эдийн засгийнхаа тулгуур салбаруудыг тэтгэх бодлогыг Улсын Их Хурал байнга дэмждэг болохыг тэмдэглэн хэллээ.
Лондон хотын Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жадж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс нь барууны орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хоёр орны харилцаа олон жилийн түүхтэй билээ. Монгол Улс бол газар зүйн байрлалын хувьд хоёр хүчирхэг гүрний дунд оршдогоос гадна ардчиллыг үлгэр дуурай болохуйц жишгээр хөгжүүлж ирсэн улс юм. Лондонгийн болон Монголын хөрөнгийн бирж 24 цагийн хамтын ажиллагаа эхлүүлэх гэж буй нь чухал үйл явдал. Өчигдөр Монгол Улсын Уул уурхай сайдтай уулзсан. Монгол Улс бол байгалийн баялгийн асар их нөөцтэй. Харин Лондон бол дэлхийн уул уурхайн салбарын мэдээлэл, үйл ажиллагаа явагддаг гол төв гэж хэлж болно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь хэтдээ олон улсын санхүүгийн төв болох боломж бий хэмээлээ.
Уулзалтын үеэр Лондонгийн болон Монголын хөрөнгийн биржүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, улс төр, эдийн засгийн асуудлаар харилцан ярилцлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.