2015.08.14

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн танилцуулга

Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх нийт 480 гаруй бодлогын баримт бичиг батлагдсанаас өнөөгийн байдлаар 290 гаруй нь хугацааны хувьд хүчинтэй байгаа бөгөөд тэдгээр бодлогын баримт бичгүүд үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй байна.

 Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжих хугацаа, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь зорьсон үр дүнд хүрэхгүй байхын зэрэгцээ хэрэгцээ шаардлага, тооцоо, судалгаа хангалттай түвшинд хийгддэггүй, санхүүгийн эх үүсвэртэй уялддаггүй зэрэг нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгааг харуулж байна.

Мөн хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй тогтолцоо бий болгох зэрэг тулгамдсан асуудлууд байна.

Иймд хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн боловсруулалтын чанарыг сайжруулах, тэдгээрийн хоорондын уялдаа болон хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Хуулийн төслийг боловсруулахдаа хуулийн хэрэгцээг тодорхойлох нөхцөл байдлын шинжилгээ хийж, олон улсын туршлагыг судлахаас гадна олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг, бүсчилсэн семинарыг орон нутаг, нийслэлд зохион байгуулж, яам, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн захиргааны байгууллагууд болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын болон төрийн бус байгууллагуудаас гаргасан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулж хуулийн төсөлд тусгасан болно.      

Хуулийн төсөлд нэгдүгээрт, үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн түвшинд давхардсан, харилцан уялдаагүй бодлогын баримт бичгүүдийн нэршил, хэрэгжих хугацаа, боловсруулахад тавигдах шаардлага, хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаарх төрийн байгууллагуудын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлох, хоёрдугаарт, хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ, үе шат, санхүүжилт, хариуцах байгууллага, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналтын үйл явцыг тодорхой, шуурхай, үр дүнтэй болгох гэсэн үндсэн зарчмыг тусгасан болно.

Түүнчлэн тус хуулийн төсөлд зарчмын хувьд дараах гол үзэл санаануудыг тусгалаа. Үүнд:

  1. Хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог хангасан байх;
  2. Улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хөгжлийн үзэл баримтлалд үндэслэдэг байх;
  3. Cалбарын, салбар хоорондын хөгжлийн бодлогын баримт бичгийг хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан боловсруулах;
  4. Хөгжлийн бодлогын баримт бичиг нь улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан төсөв санхүүгийн эх үүсвэртэй уялдсан байх;
  5.  Бүсчилсэн хөгжлийн бодлогыг төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран боловсруулдаг болно.

Засгийн газраас 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс гаргасан саналуудыг хуулийн төсөлд бүрэн тусгасан болно.

Хуулийн төсөл батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, хэрэгжих үндэслэлтэй болж урт, дунд, богино хугацааны үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа, залгамж чанар сайжирч, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин бүрдэх юм.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР