Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан хүмүүсийг л өршөөнө
УИХ-ын гишүүн Л.Болд
2015.08.13

Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан хүмүүсийг л өршөөнө

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан нар өчигдөр Өршөөлийн болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар мэдээлэл өглөө.

Тэд хуулийн ач холбогдол, зорилго, хамрах хүрээ гэх мэтээр тайлбарлав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Өршөөлийн хууль хэн нэг этгээдийг хариуцлагаас чөлөөлж байгаа юм биш. Тодорхой ял хөнгөрөх асуудал. Хуулийн хүрээнд ялын хөнгөлөлт үзүүлэхэд тухайн хэрэг хийсэн хүн хэргээ хүлээсэн байна. Дээрээс нь хохирлоо нөхөн төлнө. Ингэж ёс суртахууны болон улс төрийн хариуцлагаа хүлээж үлдэнэ. УИХ-ын санал нэгтэй гаргасан зургаа дахь удаагийн Өршөөлийн хууль бол Монголын өнөөгийн 25 жилийн ардчиллын тодорхой бэлгэ тэмдэг болно.

Өмнөх Өршөөлийн хуулиудын статистик байгаа. Нийт өршөөгдсөн хүмүүсийн 94 хувь нь ямар нэгэн байдлаар дахиж гэмт хэрэг хийдэггүй, холбогддоггүй юм билээ. Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргасан нь баялаг бүтээж бизнес эрхэлж байгаа ААН-үүдээ төр онцгойлон үзэж байгаа хэрэг” хэмээж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан нар "Өршөөлд хамрагдсан гол зүйл анги нь хөнгөн болон хүндэвтэр хэрэг, мөн хүнд гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ялаар шийтгүүлсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгасан байгаа.

Мөн хөнгөн, хүндэвтэр, зарим гэмт хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгохоор тусгасан. Авлига, албан тушаалтнуудын хэргийн тухайд хэрэгт холбогдсон албан тушаалтнууд тодорхой нөхцөлд өршөөлд хамрагдахаар заасан. Нэгдүгээрт, шүүхийн өмнө очоод гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ёстой. Хоёрдугаарт, гэмт хэргийн замаар олсон орлого,эд хөрөнгөө улсын төсөвт тушаах ёстой. Ингэсэн тохиолдолд хөнгөн, хүндэвтэр шинжтэй авлига албан тушаалын гэмт хэргээс хэлтрүүлэх бололцоо боломж бий. Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бол, мөн гэмт хэргийн улмаас олсон орлогоо улсад тушаагаагүй тохиолдолд шүүхээр ороод ялаа эдлээд явна" хэмээн ярилаа.

Тэднийг ийнхүү мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид дараах асуултад!хариулт авсан юм.

Өршөөлд яг ямар хэрэг үйлдсэн этгээдүүд хамрагдах юм. Тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

П.Болд: -Хэрэг хийсэн нь нотлогдоод түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн хэрэг хамрагдана. Зөвхөн шүүхээр ял өгөгдөхгүй. Шалгагдаж байгаа бүх хүн хэрэг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсний дараа өршөөлд хамрагдана. Дээр нь учруулсан хохирол байвал түүнийгээ нөхөн төлж барагдуулна. Үүний дараа тэр хүний олон эрх нь хязгаарлагдана. Ялангуяа улстөрийн болон ёс суртахууны олон талын хариуцлага нь хэвээр үлдэнэ. Шалгагдаж байгаа тодорхой хүмүүсийг шууд барьж хорих зэрэг нь өөрчлөгдөж болно.

-“Ялгүйд тооцно” гэсэн заалт хуульд орсон гэсэн үү. Томоохон хэрэг өдүүлсэн эрхмүүд сонгуульд нэр дэвших боломж үүгээр бүрдэж байгаа юм уу?

Л.Болд: -Хэрэг хийснээ хүн хүлээн зөвшөөрчихсөн, түүнийг ньбүх хүмүүс мэдэж байхад тухайн хүн сонгуульд нэр дэвшээд амжилт олохгүй нь мэдээж. Ард түмэндээ очоод өөрөө дүнгээ тавиулна шүү дээ. Энэ нь тухайн хүн хариуцлагаа хангалттай үүрч

байгаа хэрэг.

-Олон түмнээс үнэлгээ авна гэдэг нь өршөөгдсөн хүмүүс төрийн өндөр дээд албанд томилогдож болно гэсэн үг үү?

Л.Болд: -Үүнийг ард түмэн л шийднэ.