Дэлхийн тусгай олимпийн наадамд 14 тамирчин оролцоно
АНУ-ын Лос Анжелес хотноо энэ сарын 25-нд зохиогдох Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол Төрийн ордны Иргэний танхимд өнөөдөр боллоо.
Тусгай олимпийн наадам нь орон нутгийн, үндэсний, бүс нутгийн, дэлхийн түвшинд зохиогддог бөгөөд дэлхийн наадам нь хоёр жилд нэг удаа зуны болон өвлийн гэсэн төрлөөр ээлжлэн зохион байгуулагддаг байна.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг болон бусад албан хүмүүс оролцож тамирчдад баяр хүргэж амжилт хүсээд Монгол Улсын Төрийн далбааг Монголын Тусгай Олимпид эх орноо төлөөлөх тамирчдад гардуулж өгсөн юм.
Тусгай олимпийн холбооны тэргүүнээр УИХ-ын гишүүн С.Оюун ажилладаг бөгөөд, баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэ үеэр талархалаа илэрхийлллээ. Дэлхийн тусгай олимпийн зуны наадамд нийтдээ 14 тамирчин оролцох бөгөөд багш дасгалжуулагч нарын хамт АНУ-ыг зорих аж.
Тусгай олимпийн холбооны гол зорилго нь оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг олимпийн төрлийн бүхий л спортоор хичээллүүлж урам дэм өгөх хоорондоо өөрсдийн авъяас чадвар, туршлагаа хуваалцах, гэр бүл хоорондоо танилцаж нөхөрлөх боломжийг олгодог байна.
2013 онд Монголын Тусгай Олимпийн хороо ТББ байгуулагдсан бөгөөд,дэлхийн 180 оронд 226 тусгай олимпийн хөтөлбөр хэрэгжиж байна.