Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх зөвшөөрөлгүй худалдааг зогсооно
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
2015.06.29

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх зөвшөөрөлгүй худалдааг зогсооно

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн тасаг, дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч, Онцгой байдлын хэлтэс, Өмч харилцааны газрууд хамтран өнөөдрөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа наймаа хийж байгаа асуудлыг таслан зогсоож, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх нэг сарын хяналт, шалгалт арга хэмжээг эхлүүлэхээр болжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1,280 га газар нутагтай, амралтын өдрүүд болон баяр ёслолын үеэр 10 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Тус хороо нь 12,000 хүн амтай хөл хөдөлгөөн ихтэй хороо бөгөөд 2014 оны эхний таван сарын байдлаар 26 дугаар хороонд 33 гэмт хэрэг гарч байсан бол 2015 оны эхний таван сард 46 гэмт хэрэг гарч гэмт хэргийн тоо өссөн байна.

Энэ гарсан гэмт хэргүүд дээр нөхцөл байдлын үнэлэлт, дүгнэлт хийхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчинд буюу анхаарал татаж байгаа гурван цэгт хулгайн гэмт хэрэг, болон захиргааны зөрчил их хэмжээгээр гарчээ. Иймд “Хяналт шалгалт" нэг сарын аян зохион явуулах шаардлага гарч байгаа аж.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийнхэн Монгол Улсын хууль тогтоож, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны долдугаар сард батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын хэрэгжилтэд шалгалт хийж, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг газар дээр нь илрүүлэх, эргүүл хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллах, ард иргэдийг эрүүл аюулгүй орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бололцоог хангаж ажиллах юм байна.