“1,072 ширхэг хувьцааг амилуулах боломжтой ч Чалкогийн зээлийн хүүд дарлуулж байна”
УИХ-ын Өргөдлийн Байнгын хорооны дарга О.Баасанхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций суманд ажиллажээ. Тэрбээр энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийсэн юм.
“Оюу толгой, Таван толгой төсөлтэй холбогдуулан дээрх сум хотын хэмжээнд хөгжинө гэсэн мөрөөдөл тээж байсан. Ханбогд суманд Оюу толгой компани автозам барьсан байна. Гэхдээ энэ нь ердөө нэг л машин зорчих өргөнтэй. Тус замаар хоёр машин зэрэгцэж явах, зөрөх боломжгүй юм байна.
Мөн Оюу толгой компани Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуульд өөрсдийн ашиглаж байгаад акталсан 40 ширхэг компьютер өгчихөөд сургуульд нь томоохон дэмжлэг үзүүлсэн мэтээр ярьж байна. Түүнчлэн Ханбогд, Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн бие засах газар, халаалтыг нь өнөөг хүртэл шийдээгүй байна. Оюу толгой компани орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж чадахгүй байна” хэмээн О.Баасанхүү гишүүн мэдээллээ.
Тэрбээр, Таван толгой төслийг эхлүүлэхдээ Чалко компаниас авсан зээлийн гэрээг маш муу байгуулсан байна. 350 сая ам.долларын зээл авахдаа Чалко компанийг Таван толгойн нүүрсийг зараад өрөө аваарай гэсэн гэрээ хийсэн. Одоо Чалко компани Таван толгойн нүүрсийг хил давуулчихаад “Танай нүүрс зарагдахгүй байгаа тул зээлийн хүүгээ төл” гэсэн шаардлага тавьж байна.
Одоо Эрдэнэс Таван толгой компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа. Монгол Улсын сайд М.Энхсайхан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан байх магадлалтай гэж үзэж байгаа. Тиймээс М.Энхсайхан, Чалко компанид төлөх өр, Таван толгой төсөлтэй холбоотой бүх гэрээ, бичиг баримтыг судлах ажлын хэсэг байгуулсан” гэлээ.