Г.Шийлэгдамба сайд, Налайх дүүргийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нийслэлийн алслагдсан дүүрэг болох Налайх дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус дүүрэг нь 35 мянга гаруй хүн амтай, эрүүл мэндийн байгууллагууд нь дүүргийнхээ нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна олон улсын авто замын босоо тэнхлэг дайран өнгөрч байгаатай холбоотойгоор зам тээврийн осол ихээр гардагтай холбоотой нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн ачаалал үүнийгээ дагаад өсдөг байна. Иймээс тус тасагт шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг шийдвэрлэж өгөхийг энэ үеэр салбар хариуцсан сайддаа уламжилж байлаа. Энэ үеэр хамгийн ихээр тулгамдаж байсан эмийн өрийн асуудлыг шийдвэрлэж өгсөнд сэтгэл хангалуун байгаагаа эмч мэргэжилтнүүд хэлж байлаа.
Улсын хэмжээнд 5 дугаар сарын 30-ны байдлаар нийт 7,8 тэрбумын өр үүсээд байсныг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдврлэсэн бөгөөд, Налайх дүүргийн тухайд 95 сая төгрөгийн эмийн өртэй байв. Түүнчлэн эмч мэргэжилтнүүдийн онцолж байсан ажил бол элэгний С вирүсийг эмчлэх Харвони эмийг маш хямд үнээр эмчилгээнд нэвтрүүлэх болсон явдал байлаа. Дүүргийн хэмжээнд нь гэхэд өнөөдөр 100 гаруй хүн хяналтанд байж С вирүсийн эмчилгээг хийлгэдэг байна.
Нэгдсэн эмнэлэгт тулгамдаж байгаа гол асуудал нь 1978 онд байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа их засвар хийгдээгүй эмнэлгийн барилга. Яамны зүгээс салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөр анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах зорилт дпэвшүүлэн энэ хүрээнд эмнлэгүүдийнхээ техник, тоног төхөөрөмжийг сайжруулах ажлыг шат дараатай хийж байгаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна олон улсын зээл буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбартаа татан ажиллаж байгаагийн нэг жишээ нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж болох 50 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтанд зарцуулахаар болж, саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн явдал юм.
Тулгамдаад байгаа эмнэлгийн барилгыг шинэчлэх тухайд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухайд нийслэлийн СХД-т загвар эмнэлгийн төслийн АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж байгаа. Яг энэ жишиг эмнэлгийн загвар зураг төслөөр дүүргийн бүх эмнэлгүүдийнхээ барилга байгууламжийг барьж нэгдсэн эмнэлгийн хүчин чадлаар ажиллуулахаар зорьж байгаагаа салбарын сайд уулзалтын үеэр мэдээллээ.
Мөн энэ үеэр дүүргийн иргэдтэй уулзаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн талаар санал хүсэлтийг нь сонсоход, иргэд рүүгээ чиглэсэн олон ажлыг шат дараатай хийж байгаад нь талархаж байгаагаа илэрхийлээд тулгамдаж байгаа бусад асуудлаар ч санал бодлоо солилцсон юм.