Муу амлаж, бүхнийг үгүйсгэдгээ больчих хэрэгтэй
Нийслэл хотод, ер хаа сайгүй урин дулааны, улирлын бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа энэ үеэр ирэх намар хагас зууны нь ой тохиох гэж байгаа нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгтэй ярилцлаа.
-Социалист нийгэм оршин байх үед Ажилчны район гэж нэрлэгдэж байсан Хан-Уул дүүргийн 50 жилийн ой болох гэж байгаа. Түүхт ойгоо угтсан чамгүй олон ажил өрнүүлж эхэлсэн. Энэ талаар яриагаа эхлэе гэж бодож байна?
Манай дүүргийн 50 жилийн ой ирэх аравдугаар сард тохионо. Удахгүй ИТХ-аараа өдрийг нь товлож, батална. Бид түүхт ойгоо угтсан маш олон ажил эхлүүлсэн. Ойн арга хэмжээг зохион байгуулах асуудлыг хариуцсан хоёр ажлын хэсэг томилон ажиллуулж байна.
Тодруулбал, Засгийн даргын болон ИТХ-ын гэж бий. Дүүргийн 50 жилийн ой маань зөвхөн тамгын газар, ИТХ-ын хэмжээнд тэмдэглээд өнгөрөх баяр биш. Тиймээс нийт оршин суугчид, иргэдийн баяр болгон тэмдэглэхээр болсон. Ер нь, цөөнгүй бүтээлч ажил явуулж байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Аварга анги гэдэг спортын наадам зохион байгууллаа.
Наадмын гол зорилго нь эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа эрүүл, чийрэг Монгол хүн болгох, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, бүх нийтийг нийтийн биеийн тамирт уриалан дуудаж байгаа хэрэг юм. Анх зөвхөн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулдаг байсан бол өнөөдөр шатар, даам, сагс гээд олон төрөлтэй болж өргөжин спортын наадмын хэмжээнд хүрсэн.
Наадам хэзээ болох нь уу гэж хүүхэд багачууд ч хүсэн хүлээдэг болжээ. Үүнээс гадна бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлэнэ. Хуучны барилгуудыг шинэчлэх, автозам барих, яармаг хорооллыг барилгажуулах гээд олон ажил эхлүүлэх суурь тавигдсан. Мөн манай дүүрэгт томоохон үйлдвэрүүд барих талаар Аж үйлдвэрийн сайд Эрдэнбат хэлсэн.
Удахгүй ажил хэрэг болж, үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд төвлөрөх юм. Дүүргийнхээ дүрэмтэй болох, хөгжье гэдэг дээр санал нэгдэж, нэг зүгт харан, бүтээн байгуулалт, цэвэр цэмцгэр орчныг цоглоох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх асуудлыг шийдэхээр зорьж байгаа гэх мэтчилэн хийсэн ажил, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон зүйл бий.
-Сайны хажуугаар саар гэдэгчилэн зарим нэг хүн одоогийн дарга нарт ам муутай байгаа талаар чих дэлссэн?
Хэсэг бүлэг нөхдүүдэд бидний хийсэн ажил их харагдаад л таалагдахгүй байдаг юм байлгүй дээ. Чамгүй олон ажил хийгээд байгаа болохоор тэр нь тухайн хүмүүсийг эгдүүцлийг төрүүлж, цаашлаад өөрсдөд ямар нэгэн байдлаар ашиггүй учир гоморхож муулдаг байх.
Хийж бүтээхэд хуруу нэмэрлэхгүй хэрнээ, хошуу нэмэрлэж, ардчиллыг муулах шаардлагагүй
Уг нь, хийе, бүтээе, хөгжил тийш тэмүүлж буй нэгнээ дэмжээд хамтран ажиллавал хот, дүүргээ сайхан цэцэглүүлж болно шүү дээ. Сайн сайхан руу тэмүүлэх нэгнээ хар бараанаар муулж, хийх ажилд нь садаа болохын оронд дэмжээд явбал улс, хот маань хөгжинө дөө. Гэтэл ийм зүйлийг хүсэхгүй байгаа нь харамсалтай.
-Магадгүй бага зэрэг улстөржсөн өнгө аясаар шүүмжлээд байна уу?
Уг нь, иймэрхүү асуудал дээр улстөржиж, иргэдийн хүсэн хүлээж байгаа зүйлд садаа хийх хэрэг байхгүй. Энд иргэд оршин суугчдын тав тухтай орчинг бүрдүүлэх ажлыг хэрхэн хийх талаар төлөвлөж, хэрэгжүүлж байхад тэдгээр нөхөд болж бүтэхгүй зүйл ярих юм.
Тиймэрхүү хөгийн зүйл ярьж хэл амаа билүүдэн суугаа хүмүүст хандан хэлэхэд ажил хийж байгаа нэгэндээ бүү садаа бол, хуруу нэмэрлэхгүй байж хүн муулах шаардлагагүй л гэмээр байна. Өөрсдөө хийхгүй атлаа хүнийхийг муулах нь зөв биш.
Тийм л юм бол өөрсдөө бүтээн байгуулахыг нь хэн байг гэсэн юм бэ. Ер нь, ардчиллыг муулах шаардлагагүй. Яагаад гэвэл тэр ардчилал чинь та нарт үг хэлэх, жагсч цуглах, даргынхаа өмнө өөрийн байр сууриа хамгаалах гээд олон эрх чөлөөг нээж өгсөн. Гэтэл өнөөдөр бүх эрх чөлөөг эдэлж байгаа хэрнээ ардчиллыг муулах нь зүй ёсны хэрэг үү.
-Бид хоёрын яриа дүүргийн ажлын талаар биш улс төр тийш хазайчих шиг боллоо. Бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр, орон сууцжуулах асуудал гээд олон зүйл хийгдэх нь. Гэтэл өнөөдөр санхүүгийн бэрхшээл улс орон даяар тулгарчихлаа?
Эдийн засгийн хямрал гэж л яриад байгаа юм. Үнэндээ яг ч хямраад сүйд болсон зүйл байхгүй. Иргэдийн амьдрал тартагтаа тулж, үгүйрэн хоосорч, улсын их сав хувхайраагүй шүү дээ. гадны зээл тусламж, гэрээ хэлэлцээрүүд хийгдэж хөрөнгө мөнгөний урсгал орж ирэхээр болчихлоо. Муу амлаж, бүхнийг үгүйсгэхээ больчих хэрэгтэй. Монголчууд бид эртнээс болно бүтнэ гэж сайн сайхныг сэтгэн ирсэн улс. Гэтэл өнөөдөр болж бүтэхгүй гэсээр байх.
Ийм муухай хар бараан зүйл яриад байхаар яаж иргэдийн сэтгэл амгалан байх юм бэ. Хямарлаа гэж хөл толгойгоо олохгүй маргаж, хэн нэгнээ муулж суухын оронд, хамгийн түрүүнд хийх ажлаа тодорхой болгон, түүн дээрээ санал нэгдэн даван туулах арга замаа олох ёстой. Бидэнд давуу тал байгааг олж харан, түүнийгээ ашигла гэсэн үг.
Миний хувьд хэт намчирхаж, тэрний хүн гэдгээс аль болох татгалзаж, зөв байр суурь илэрхийлэх нь чухал гэсэн байр суурьтай явдаг. Тийм ч учраас бусдын үгийг сонсч, санал бодлоо хуваалцдаг даа. Мөн цөөнхийн байр суурийг байнга хүндэтгэж, бусад намын төлөөлөлтэй хэлэлцэж буй асуудал дээрээ зөвшилцдөг. Аливаа хурал дээр алагчилж үздэггүй.
-Дүүргийн хэмжээнд дахин төлөвлөлтийн ажил явагдаж эхэлсэн. Энэ талаар?
Тийм. Шинэ Яармаг хороолол, автозам барих, цэцэрлэгжүүлэх ажлын талаар төсөл төлөвлөгөө боловсруулах асуудал яригдаж байна. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх газар байгуулахаар ярьж байгаа.
Мөн тоосжилт утаа дарах ганц шийдэл бол ногоон байгууламж. Үүнийг гадаадын тусламжаар хийхээр зорьж байна. Японы хоёр эрдэмтэн уг ажлыг хийх санал тавин дүргийн газар нутгийг судалж, хэрхэн бий болгох вэ гэдгийг ярилцаж, төслөө боловсруулж эхэлсэн. Оруулаад ирвэл бид дэмжинэ.
Автозамын хувьд 2016 он гэхэд Хан-Уул дүүрэг замын гачааллаас гарна. Ерөнхий том магистрал зам дуусч, нэг том зам эхлэх юм. Тодруулбал, хурдны замын ажил. Манай дүүргийг маш азтай, хөрөнгө оруулалт их авсан гэж зарим нэг нь гомдоллох ч гэхэд хаашаа юм атаархдаг.
Бид төлөвлөгөөгөө сайн боловсруулж, төслөө нягт нямбай бэлдэн оруулж, ажлаа гүйцэтгэж чадаж байгаа болохоор хөрөнгө оруулалтыг татаж байгаа хэрэг. Түүнээс өгвөл өг, байвал бай гээд суувал хэн юу өгөхийн.
Ийм байхад хэн иргэдийнхээ төлөө явахгүй, зүтгэхгүй гэж хэлэх вэ. Түрүүн хэлж байсан даа. Хийж буй ажилд атаархсан хорлонтой хүмүүс л бидний хийснийг баллуурдахын тулд юу ч бүтээхгүй ширээний ард тухлан суудаг гэж цуурхал тарааж байгаа юм.
Хорвоо дэлхий уужим, хийх ажил их байна гэж нэгэн удирдагч хүн хэлсэн байдагчлан бидэнд хийх ажил мундахгүй их байна. Ажлаа амжихгүй явахад дээрх зүйлийг ярьж, худал ярьж яваа нөхдүүдтэй хэрүүл хийн суух зав алга. Хан-Уул дүүрэг хэрхэн хөгжиж байгааг тэд олж харахгүй ч бусад хүмүүс хараад бидэнд дүн тавих биз.
-Түрүүн залуусын чөлөөт цагийг өнгөрүүлэх амралтын газар байгуулах талаар хэллээ. Хаана байгуулах юм бол?
Хан Богд уул, Хатан туулын хөвөөнд дүүрэг маань оршдог. Тиймээс туул голынхоо хөвөө, дархан цаазат уулын хормойд амралт чөлөөт цагийн бүс байгуулах санаатай байгаа юм.
Өнөөдөр оюутан залуус, дунд сургуулийн хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх газаргүйгээс баар, ресторан, компютер тоглоомын газар хэсч байна. Иймд ганц ч болтугай чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байгуулчихвал ирээдүй болсон хүүхэд залуус маань ая тухайтай сайхан амрах юм.
Одоогоор аялал жуучлалын хэд хэдэн компанид санал тавьсан. Хариугаа удахгүй өгөх байх. Бид дэмжинэ. Явдаг ёс жаяг, дүрэм журмын хүрээнд асуудал шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хаана байгуулах, болох үгүйг нийслэлийн ИТХ, Байгаль орчны газар гээд холбогдох төвшинд яриад шийднэ.
-Саяхан кирил үсэгний хөшөө байгуулсан. Уг хөшөөний нээлтэд Болгарийн Ерөнхийлөгч оролцсон. Яагаад ийм хөшөө бий болгов?
Хүн болгон кирил үсэг хаанаас гаралтайг мэдэхгүй. Магадгүй хойд хөршөөс л авсан гэж боддог байх. Тэгвэл шинэ бичиг үсэг орос ах нараас эхлэлтэй биш юм билээ. Бид 2013 онд Болгарт зочилсон юм. Тухайн улсад очоод бидний хэрэглэж байгаа бичиг үсэг тус улсаас гаралтай гэдгийг мэдсэн. Кирил методын хөшөө ч байдаг.
Болгарт зочилсны үр дүнд шинэ бичиг үсгийн соёл маань хаанаас үүсэл гаралтайг мэдсэн хэрэг. Ингээд ИТХ-аараа хөшөө барих асуудлыг оруулахад гишүүд маань дэмжиж, 118 дугаар сургуулийн урд уг хөшөөг барьсан юм. Хамгийн хачирхалтай нь хөшөөний нээлт Болгарын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалтай давхацсан явдал.
Тэр том айлчлалын хажуугаар уг хөшөөний нээлтэд Болгарын Ерөнхийлөгч хүрэлцэн ирж, түүхийн бас нэг шинэ хуудас нэмсэн. Энэ үсэг соёл хаанаас үүсэлтэйг ирээдүйн эзэд маань мэдэж байх шаардлагатай гэдэг үүднээс уг хөшөөг байгуулсан хэрэг.
-Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн?
Оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн хууль. Мэдээж хэрэг хуулийг хувь хүн, албан байгууллага бүхэн дагаж мөрдөх ёстой. Төсвийн захиран зарцуулалтыг иргэдэд ил тод болгох хуулийг хэрэгжүүлж Засаг даргын тамгын газар, ИТХ-ын мөнгөн гүйлгээг нээлттэй мэдээлж байна. Ингэснээр татвар төлөгч иргэд маань бидний төлсөн мөнгийг хэрхэн юунд зарцуулж байгааг мэдэх боломж бүрдэж байгаа хэрэг.
Шилэн дансны хуульгүй байх үед хэн яаж мөнгө үрж буйг мэддэггүй байсан. Харин одоо ийм боломж, хяналт тавих эрх иргэдэд нээлттэй. Магадгүй буруу, ашиггүй зүйлд хөрнгө гаргасан бол түүнийг нь дээд шатны байгууллагад мэдэгдэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах боломжтой. Энэ нь санхүүгийн маш том хувьсгал, ололт гэж хэлж болно.
-Хийж хэрэгжүүлсэн, үлдсэн хугацаанд хийхээр төлөвлөсөн ажил ч чамлахааргүй. Ер нь, иргэд ямар бодолтой байгаа бол?
Бидний хийсэн ажилд иргэд сэтгэл ханамжтай байгааг уулзалт хийх болгондоо мэдэрдэг. Та бүхний хийсэн тэр ажил, ийм асуудлыг тэгж оновчтой шийдлээ гээд л хэлнэ. Магтаад байна гээд бид хамраа сөхөөгүй. Харин ч иргэдийнхээ үгэнд урамшиж илүү ихийг бүтээхийг зорьсоор байна.
Иргэд сонгогчид маань бидэнд итгэл хүлээлгэн, өөрсдийн дуу хоолой болгосон учир тэднийхээ төлөө ажиллахаас өөр илүү чухал зүйл байхгүй. Оршин суугчдынхаа хүсэлт, ашиг сонирхлыг үндэслэн шийдвэр гарган, ая тухтай орчинг нь бүрдүүлж л байна. Цаашид ч хийх болно.