Дараагийн Ерөнхийлөгчийг тэсч ядан хүлээж байна
УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүү
2015.05.27

Дараагийн Ерөнхийлөгчийг тэсч ядан хүлээж байна

УИХ-ын өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүүтэй уулзвал “Тавантолгой, Оюутолгойн талаар Монголын нийгэмд хүлээлт үүсээд байгаа энэ үед сэтгүүлчид та нар яг үнэн бодит мэдээллийг хэн нэгнээс хараат бусаар зоригтой гаргаж тавих ёстой.Сүүлийн үед хэтэрхий нэг талыг барьсан, үнэн бодит байдлыг илт гуйвуулсан мэдээлэл цацагдах боллоо. Ард түмэн чухамдаа үнэнийг л мэдэх эрхтэй” гэсээр яриагаа эхэлсэн юм. Тэрээр цааш нь “Тодорхой улстөрийн хүчин, хувь улстөрчид Монголын нийт ард түмний өмчийг хувийн компанид шилжүүлэх, ард түмний нэрийг барьж гадны банк, санхүүгийн байгууллагуудад барьцаанд тавьж байгаа нь хожим хойно ихээхэн уршиг дагуулна” гэсэн юм. Ингээд УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүүтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монголын нийгэмд тодор­­хой хүлээлт үүсгээд байсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилт ямар ч гэсэн шийдэгдэх шиг боллоо. Ерөнхий сайдын Арабын нэгдсэн Эмират улсад, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолд оролцсон асуудлыг та юу гэж дүгнэж байгаа вэ?

Хамгийн эхлээд Оюу­­толгойг тойрсон хүлээлт яагаад үүсэх болов гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Учир нь Иргэний хөдөлгөөнийхөн орилж хашхираад ч юмуу, эрх баригчид нь анхнаасаа буруу гэрээ хийснээс болоод дахин дахин бүдрээд хүлээлт үүсгэчихсэн юмуу гээд олон асуултад хариулах ёстой болно.

Ерөнхий нэг зүйлийг их сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл Оюутолгой бол Эрдэнэтээс зургаа дахин их баялагтай, дэлхийн хэмжээний алт, зэс, мөнгөний орд шүү дээ. Тэр их нөөцийн 80 хувь нь далд уурхайд байгаа.

Өнгөрсөн жилийн байдлаар Азид хамгийн их зэсийн борлуулалт хийсэн хэрнээ Монголд ямар ч өгөөж орж ирээгүй. Өнөөдөр УИХ-ын даргаар ажиллаж байгаа З.Энхболдоос эхлээд нөлөө бүхий улстөрчид Оюутолгойн гэрээг ихээхэн шүүмжилж, УИХ-ын тогтоолын төсөл хүртэл гаргаж байсан. Миний хувьд хуульчийнхаа зүгээс Оюутолгойн гацааг гурван үндсэн шалтгаантай гэж боддог.

Хамгийн эхлээд анхнаасаа Оюутолгойн ТЭЗҮ-ийг байгуулахаас эхлээд л алдаа, зөрчил гаргасан. Наад зах нь зөвлөх компани нь нөлөөлөлд автсанаас болоод ТЭЗҮ нь засвартай болчихсон. Манай улстөрчид сонгуулийн амлалтаа биелүүлж, хүн болгонд 21 мянган төгрөг тараахын тулд Оюутолгойн 34 хувийг зээлээр авчихсан.

Өөрийнхөө хөрөнгийг өөрөө зээлж авна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ. Ингээд Оюутолгой борлуулалтын ямар ч орлого олсон Монголчууд өмнө нь зээлээд идчихсэн болохоор огтхон ч ашиггүй болчихсон. Нөгөөтэйгүүр Оюутолгойг наад зах нь 70 жилээр өгнө гээд хууль зөрчсөн. Одоо хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуульд томоохон ордыг дээд тал нь 30 жилээр ашиглуулах заалт л байгаа.

Хоёрдугаарт анхны хөрөнгө оруулалт нь ямар ч үндэслэлгүй, огцом өссөн. Хөрөнгө оруулалтын энэ огцом нэмэгдэлт Монголын өрийг нэмсэнээс өөр ямар ч ашиг байхгүй. Сангийн яам хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн дээр шалгалт оруулаад 2.1 тэрбум ам. доллар нь огтхон ч орж ирээгүй, шал худлаа хоосон тоо гэдэг ноцтой зөрчил илрүүлсэн. Мөн татварт төлөх ёстой 130 сая ам. долларын өр илрүүлсэн. 

Түүнээс гадна хамгийн ноцтой нь зөвхөн Оюутолгойд зориулан, гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг боомилсон, тэднийг Монголоос хөөсөн хууль батлан гаргасан. Тухайлбал Гадны хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг нэрлэж болно. Энэ бүгдийн ард Оюутолгойн пиарчид нь сайшаагдаад, шүүмжилсэн, үнэнийг ярьсан хүмүүс нь популист болоод үлдсэн. Гурав дахь гацаа нь ерөөсөө л Монголын иргэд Оюутолгойн талаар төөрөлдөөд, залхчихсан. “Оюутолгой хөдлөвөл Монголчууд сайхан амьдарна” гээд байна.

Гэтэл Оюутолгой чинь зогсоогүй, ажиллаад л, урагш нь Монголын баялгийг ачаад л байгаа шүү дээ. Бид 20 тонн алтаа үнэгүй шахуу гаргачихсан. Алттай зэсийг ачиж, гадаадад гаргангуутаа алтыг нь ялгаад авчихаж байна. Гэтэл түүний 34 хувь нь Монголын Засгийн газарт ногдох ёстой шүү дээ. Тэгэхэд “Рио Тинто” шал худлаа хэдэн тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн мэтээр ярьж, Монголын Засгийн газрын 34 хувийн өрийг нэмэгдүүлсээр байхад бид дуугүй суугаад байж болохгүй шүү дээ.

-Ерөнхий сайд 2009 онд байгуулсан Оюутолгойн гэрээнд огт гар хүрээгүй, зөвхөн далд уурхайн төлөвлөгөөг батласан гэсэн. Харин та өөр бодолтой байгаа юмаа даа?

Хуульч хүний хувьд сая Арабын нэгдсэн Эмиратад эд нар ямар зүйлд гарын үсэг зурчихаад ирснийг маш сайн мэдэж, ойлгож байгаа. Гэрээний хавсралт нь гэрээнийхээ адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэх юм бол гэрээг өөрчилсөнтэй адилхан процессоор явагддаг. Сая бол Оюутолгойн гэрээний хавсралт байдлаар оруулж ирэнгүүтээ хамгийн ноцтой нь 2009 оны гэрээний заалтууд дээр өөрчлөлт оруулчихсан байхгүй юу.

Уг нь эхлээд далд уурхайн ТЭЗҮ-ийг батлаад энэ хэмжээний ашиг олж, зардал гаргах юм байна, ийм хугацаа шаардагдах юм байна гэсэн нөхцлүүд дээр үндэслээд стратегийн төлөвлөгөө батлах ёстой юм. Түүнээс биш сая Ч.Сайханбилэг хэлцлийн аргаар 2009 оны Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулчихаад ирсэн. Өөрөө ч түүнийгээ “Арбитрт маргаан үүсвэл хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичиг” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Чухамдаа жирийн ажлын төлөвлөгөө Арбитрт явдаггүй л байхгүй юу. 

-Татварын ерөнхий газраас гаргасан 130 сая ам. доллар төлүүлэх акт эцэстээ 30 сая ам. доллар болж Рио Тинто маргаангүйгээр төлөхөөр боллоо. Энэ талаарх таны дүгнэлт?

Татварын ерөнхий газраас тогтоосон 130 сая ам. долларын хэргээр нөгөө тал маргаан таслах комиссоор ороод 30 сая болгоод багасгачихсан. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар АТГ-т хэрэг үүсгүүлээд ТЕГ-ын дарга Б.Ариунсанг шалгуулна гэж байтал Ерөнхий сайд сая очоод “Та нар татварын маргаанаар Арбитрт хандаад хэрэггүй. Ерөөсөө бид 30 сая ам. долларыг чинь авъя” гээд баталгаажуулчихсан.

Уг нь татварын маргаанаар хэзээ ч Арбитрт очдоггүй л байхгүй юу даа. Монгол Улсын Ерөнхий сайд иймхэн юм мэддэггүй, ийм эх оронч биш байж болохгүй. Нөгөөтэйгүүр татварын байгууллагын хараат бус байдалд хөндлөнгөөс оролцож, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хамааралтай асуудлаар хаа байсан Эмиратад очоод зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зуралцаад явж байгаа нь Үндсэн хууль зөрчсөн асуудал.

Ерөнхийлөгч нь 35 тэрбумыг чөлөөлөөд, Ерөнхий сайд нь 100 сая ам. долларын татварыг хүчингүй болгоод зогсож байгаа эдгээр үйлдлүүдийн цаана цэвэр ямар нэгэн эрх ашиг, нөлөөлөл явж байгаа гэж би хардаж байна. Оюутолгойд 30 сая ам. доллар бол үнэндээ худалч хүнд өдрийн хоолны л мөнгө шүү дээ. Нөгөө талаар энэ бол Монгол Улсыг доромжилж байгаа дэндүү том доромжлол мөн.

-Та бүхэн дээрх асуудлуудаар Ерөнхий сайдыг огцруулна гээд байгаа. Жил гаруйхны хугацаа үлдээд байхад Засгийн газраа огцруулаад бид юу хожих вэ?

Ч.Сайханбилэгийг хэдий чинээ хурдан огцруулна Монгол Улс төдий хэмжээгээр алдагдал бага үүрнэ. Энэ нөхөр суудал дээрээ байгаад л байвал бидний үеийнхэн Монгол Улс өр төлсөөр байгаад өндийхгүйг л харна. Одоогоор бид зөвхөн Оюутолгойд л гэхэд 11 тэрбум ам. долларын 34 хувийг төлөхөөр болчихоод сууцгааж байна. Төлөх төлөхдөө хүүтэй нь төлнө. Яагаад гэвэл бид зээлээд авчихсан. Товчхондоо Монгол Улс ойрын 30 жил Оюутолгойгоос ашиг горьдолтгүй.

Бид хүүтэй өрөө төлнө гэдгээ баталгаажуулаад Оюутолгойн лицензийг барьцаанд тавьчихсан. Монголчууд бид газар нутгаа гадны банкинд барьцаалчихсан. Харин Рио Тинто Оюутолгойгоос 66 хувиа авчихаад захирлууд нь сард хэдэн зуун саяын цалин авч, хагартлаа баяжаад сууцгааж байгаа. Тэдэнд бол банкны зээл үнэндээ юу ч биш. Өдөрт 5.4 сая ам.долларын борлуулалт хийж байгаа газар шүү дээ. 

-Та түрүүнд “Ерөнхий сайд айлын гал тогоонд суусан” гээд юу хэлчихэв?

Гадны хэвлэл дээр гарчихсан мэдээлэл л дээ. “Ерөнхий сайд биш байхдаа айлын гал тогоонд сууж байгаад Оюутолгойн гэрээг үзэглэсэн байна” гээд гарчихсан. Монголын төрийн ажлыг айлын гал тогоонд хийж болохгүй шүү дээ. Сая Арабын нэгдсэн Эмиратыг сонгосны цаана Англичууд бүр тодруулбал Тони Блэйр байсан гэж би шууд хардаж байгаа. Англичууд өөрсдөө Ноён уул дээр Тони Блэйрийг хардаж байсан.

Монголын өнөөдрийн эдийн засгийн хүндрэлийг далимдуулан Англичууд, Тони Блэйрийн урт гарын оролцоотойгоор бидний баялгийг шулуухан дээрэмдээд авчихлаа. Харамсалтай нь бид 30 жилд ч өндийж чадахааргүй хүүтэй өрөнд уначихлаа. Ойролцоогоор 3000 хүн ажилтай болох юм биз. Харин хэдхэн жилийн дараа Монголчууд бүгдээрээ баахан өртэй, говь нь усгүй, онгойсон хар нүхтэй л үлдэнэ. 

-Тэгвэл Тавантолгойг тойроод ямархуу нөхцөл байдал үүсчихээд байна?

Харин Тавантолгой дээр бол Оюутолгойгоос арай өөр нөхцөл үүсээд байгаа. Яагаад гэвэл Ч.Сайханбилэг эд нар бас улайм цайм аймшигтай дээрэм хийх гэж байгаад баригдчихсан. Тавантолгойн 95 хувийн 20 хувийг монголын ард түмэн хувьцаагаар эзэмшиж байгаа. Үлдсэн 75 хувь нь төрийн мэдэлд байсныг хувийн компаниудад өгөх гэж байгаад яалт ч үгүй баригдсан.

Тавантолгойг өөрийн болгох гээд дайраад байгаа компани нь дэлхийн банк, санхүүгийн байгууллагуудад 1.6 тэрбум ам.долларын өртэй байгаа. Тэдний хийх гээд бүтэлгүйтсэн бохир наймааны цаана асар их хэмжээний авлигал, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг явж байгаа гэж би хардаж байна. 

Хэрвээ тийм биш байсан бол яагаад “Энержи ресурс” өнөөдөр дампуурлын хэмжээнд оччихсон байгаа юм. Үүнийг судлах ёстой. Өнөөдөр Тавантолгойн аман дээрээс 30 ам. доллараар нүүрс авахад нэг иргэнд одооны хувьцааны үнээр 90 ам. доллар ногдоно. Түүнийг угаагаад илүү өртөг шингээгээд 80-90 ам. доллараар зарвал хүн болгоны хувьцааны үнэ 270 ам доллар орно.

Гэхдээ бид үндэснийхээ компанийг хөөж туугаад байгаа юм байхгүй. Харин энэ компани яагаад дампуурах гээд байгаагийн учрыг л олох хэрэгтэй. Тавантолгойн ажлын хэсгийнхэн “Зүүн чиглэлийн төмөр замаа яаралтай гүйцээж тавъя. Иргэдийнхээ 1072 хувьцааг баталгаажуулъя” гэсэн шийдвэр гаргачихсан. 

-Хуульч хүний тань хувьд одоо ид шуугиан тариад байгаа Г.Дэнзэнгийн асуудлыг юу гэж дүгнэж байгааг тань сонирхож байна?

Хамгийн гол нь Г.Дэнзэнгийн зөв, буруу гэхээсээ илүүтэй АТГ-ынхан болон прокурорууд хамтдаа мэдэгдэл хийж байсан нь миний айдсыг төрүүлсэн. Н.Алтанхуягийг огцруулсан өдөр прокурор, мөрдөн байцаагчид хамт суугаад мэдэгдэл хийж байсан нь хууль, шүүхийн хараат бус байдал хэрхэн алдагдаж байгаагийн нотолгоо болсон. Хууль, шүүхийн байгууллага улстөржиж байгаа нь хамгийн аюултай. Би тэр үед нь албан бичиг явуулж байсан. Ер нь хуулийн байгууллага өмгөөлөгч нартай нягт хамтран ажиллах ёстой. 

-Та сая Ерөнхийлөгчийн талаар нэг сонин юм хэлчихлээ?

Энд сонинсоод байх юм байхгүй. Өнөөдрийн энэ Ерөнхийлөгч бушуухан өөрчлөгдөөсэй. Би үнэхээр тэсэн ядан хүлээж байна. Яагаад гэвэл дээр байгаа тэр хүн зөв юмыг зөв тал руу чиглүүлэх ёстой ганц хүн шүү дээ. Монгол Улсын Үндсэн хуульд байгаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхийг тусгайлсан хуулиар зохицуулна” гэсэн ганцхан өгүүлбэрээр далимдуулан эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглээд байна. Ерөөсөө засаглалын бүх хямрал, гажуудал, эрх мэдлийн хэнээрхэл Ерөнхийлөгчөөс л шууд шалтгаалж байна. Одоогийн Ерөнхийлөгчид энэ хэнээрхэл нь арай дэндүү илрээд байгаа. Тийм учраас дараагийн Ерөнхийлөгчийг тэсч ядан хүлээж байна. 

-Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чадамж, боломж нөхцөл, цаг хугацаа байна уу?

Хамгийн гол нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэвэл юуг, хэзээ, яаж гэдэг гурван асуултад л эхлээд хариулах ёстой. Түүнээс биш болохгүй байна гэж бүгдээрээ орилоод л өөрчилчихдөг юм биш. Эхлээд шинжлэх ухааны үндэслэлээ гаргах ёстой. Дараа нь мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлтээ гаргуулах хэрэгтэй. Тэгээд олон нийтээр хэлэлцүүлсний дараа өөрчлөлт оруулах ёстой.

Энэ процесс явагдахгүйгээр энэ 76 нөхөр ярилцаад л Үндсэн хуульд дураараа гарч хүрч хэрхэвч болохгүй. Монголын улстөрчид хамгийн ухаантай нь биш шүү дээ. Товчхондоо бид 76-д улстөрийн шийдвэр гаргах эрх нь байгаа болохоос биш Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг ард түмэн л шийдэх учиртай юм.