Газрын хууль гараанаасаа хөдлөх үү
2015.05.21

Газрын хууль гараанаасаа хөдлөх үү

Зайсан орчмын газар нутаг тусгай хамгаалалтын бүсэд багтдаг. Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэдийн хувьд тусгай хамгаалалттай бүсэд ажиллаж амьдардаг гэдгээрээ онцлогтой.

Зайсангийн өвөр хормойд үеийн үед амьдарсаар ирсэн иргэд газраа өмчилж авах гэхээр тусгай хамгаалалттай бүсэд харьяалагддаг гэдэг утгаараа үргэлж хойш тавигддаг. Энгийн иргэд газраа өмчлөх авъя гэхээр өгдөггүй хэрнээ аялал жуулчлал нэрэн дээр үнэтэй том хаусууд жилийн жилд баригдаж байдаг.

Тусгай хамгаалалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэсэн хуулийн далбаан дор эрх мэдлээр далайлгасан аж ахуйн нэгжүүд аялал жуулчлалын зориулалтаа өөрчлөн орон сууц барьж бусдад зарж буй нь нүдэн дээр ил. Амьдран суугаа иргэдийн эрх ашиг хохирсон газрын энэхүү асуудалд Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Л.Болд анхаарал тавьж ажилласаар ирсэн билээ.

Насаараа амьдарсан газраасаа хөөгдөхдөө тулж буй иргэд Чингисийн талбайд жагсаал хийж, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны үүдэнд жагсч, тойргоос сонгогдсон гишүүддээ хандаж ирсэн түүхтэй. Олон жил амьдарсан газраа өмчилж авах эрхгүй иргэд, Хан-Уул дүүрэг, Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарсан баг байгуулж хуулийн төслийг өргөн барьсан.

Энэ нь “Тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүсийг бий болгоё, тусгай хамгаалалттай газар нутгийн хуулин дээр суурьшлын бүс гэж нэмэлтээр оруулах”тухай юм.

Ингэснээр иргэд газраа өмчлөх, эзэмших эрхтэй болох ба газар нь баталгаажаад явна. Уг хуулийн төсөл УИХ дээр шийдэгдээгүй даруй удаж байна. Тойргийн гишүүний хувьд УИХ-ын гишүүн Л.Болд Хан-Уул дүүргийн 11 дүгээр  хорооны иргэдийн асуудлыг зохих газар нь байнга мэдээлж, өргөн барьсан хуулийг шийдүүлэхээр асуулга тавьсаар байгаа юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ажлынхаа тайлан хэлэлцэх үед асуулга тавьж, УИХ-ын дарга З.Энхболдод мөн асуулга тавьж байсан байна. Иргэдэд газар өмчлөх тухай асуудалд холбогдох албаны хүмүүс юу хэлж байсан байр суурийг хүргэе.

Ц.Элбэгдорж: Иргэдийнхээ энэ асуудалд үндэсний зөвшилцөлд хүрэх боломжтой гэж би үзэж байна 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Л.Болд гишүүний асуултад товчхон хариулъя. Газар бол төрийн үндэс гэж манай өвөг дээдэс сургасан. Энэ асуудлыг хуулиар шийдье.

Хуулиар шийдэхдээ Монгол Улсын иргэнийхээ газар өмчлөх, эзэмших эрхийг нь тусад нь хуулиар баталгаажуулж өгье гэж байгаа юм.

Гадаадын аж ахуйн нэгж, иргэдтэй холбоотой асуудлыг өөр хуулиар шийдэх хэрэгтэй. Ингэж ярилцаад хуулиа боловсруулахдаа үг үсгэн дээр ярилцаж, хамтарч суугаад хуулиар УИХ-д оруулж болно. Иргэдийнхээ энэ асуудалд үндэсний зөвшилцөлд хүрэх боломжтой гэж би үзэж байна. 

Л.Болд: Бид хойш нь тавих бололцоогүй, шийдвэрлэх ёстой гэж харагдаад байгаа юм

-УИХ-ын гишүүн Л.Болд: Ерөнхийлөгчийн тайлан хэлэлцэж байгаа энэ үед асуулт байна аа надад. Ерөнхийлөгчийг газар өмчлөлийн асуудлаар үгээ хэлээсэй гэж хүсч байна. Нийт монголчуудын анхаарлын төвд байдаг сэдэв.

Сая би тойрог дээрээ уулзалт хийгээд явж байхад манай тойргийн сонгогчид газар өмчлөлийн энэ сэдвээр ярилцацгаасан. Хоёр жил хүлээлээ.

Хууль УИХ дээр байгаа. Ерөнхийлөгч маань ямар байр суурьтай байна вэ гэж асууж байна. Энэ асуудал бол тулгамдсан асуудал мөн. Үүнд байр сууриа илэрхийлэхгүй юу. Бид хойш нь тавих бололцоогүй, шийдвэрлэх ёстой гэж харагдаад байгаа юм.

Д.Оюунхорол: Энэ хүмүүст эзэмших эрх өгөхгүй, ашиглах эрхийг олгоно. Өөрөөр хэлбэл гэрчилгээжүүлнэ 

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол: Энэ асуудал судлагдаж байна. Өмнөх Засгийн газрын үед хийгдэж байсан зарим ажлын тайлан архив бидэнд шилжиж ирээгүй байна. Зайсанд суурин иргэншлийн бүс үүссэн.Барилга барьсан аж ахуйн нэгжүүд нь үл хөдлөхийн хөрөнгийн гэрчилгээ авч чаддаггүй. 

Тэнд хашаанд 40, 50 жил амьдарсан хүмүүс газрынхаа гэрчилгээг авч чаддаггүй гэх мэт зөрчлүүд бий болсон. Гэхдээ Богд уулыг тусгай хамгаалалтын бүсээс нэг метрийг ч тусгай бүсээс гаргахгүй гэж Засгийн газраас шийдвэр гарсан байна. Ер нь Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээрээ тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх үүрэг хүлээдэг. Одоогийн суурьшил үүссэн гэр хороололд 600 гаруй айл өрх байна. Энэ хүмүүст эзэмших эрх өгөхгүй, ашиглах эрхийг олгоно. Өөрөөр хэлбэл гэрчилгээжүүлнэ.

УИХ-ын дарга З.Энхболд: Тэрхүү удаж буй асуудлыг шийднэ гэж амлалаа. Хан-Уул дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга нар та бүхэн сонслоо.

Иргэдийн газар өмчлөхтэй холбоотой асуудалд дараах эрхмүүд байр сууриа ийнхүү илэрхийлж байсан байна. Газрын хууль гараанаасаа хөдөлж шийдэгдэх шатандаа яваа юм. Өргөн барьсан хууль батлагдаж, Зайсанд хагас зууны туршид амьдарсаар ирсэн энгийн иргэдийн 0.7 га газраа өмчилж авах эрх зүйн бүрдэхэд ойртож байна.

Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд “иргэдийнхээ эрх ашгийг бодолцож энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол цаг хугацаа байхгүй боллоо” гэдгийг сануулж албаны хүмүүст асуулга тавьсаар яваа юм.

Өнгөрсөн жил нийслэлийн бүх дүүргүүдээс Хан-Уулын иргэд цахим газрын бүртгэлд хамрагдаж хамгийн их буюу 302 иргэн газраа өмчлөн авах эрхээ баталгаажуулсан гэх сайн мэдээ бий. Гэхдээ бид энэ тоонд сэтгэл ханах бус цаашид дүүрэг, хорооныхоо нийт иргэдийнхээ газрын өмчлөлийн тоог нэмэгдүүлэх тал дээр ажиллах болно гэдгээ УИХ-ын гишүүн Л.Болд уулзалтуудынхаа үеэр илэрхийлж байлаа.