Ц.Даваасүрэн: Зээлээр босгосон мөнгөө эх орны хишигт тараачихсан
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт Байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, мөн цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Ц.Даваасүрэн: Энэ долоо хоногт 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 төсвийн төсөөллийн хэлэлцүүлэг болно. Эдгээр хуулиуд дээр эдийн засгийн өсөлт болон төсвийн үзүүлэлтийг яаж авсан бэ гэдэг өнгөрсөн оны үзүүлэлтээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай гэж гарсан.
Гэтэл Энэтхэгийн Ерөнхий сайд өчигдөр хэлсэн үгэндээ Энэтхэг улс дэлхийд тэргүүлэх хөгжилтэй, 7.4 хувийн өсөлттэй байна гэж хэлсэн. Бид эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэхээр харагдаж байгаа юм. Оюу толгойн баялаг манай улсын ДНБ, экспорт дээр тооцогдож байгаа ч валютын орлого дээр байхгүй. Валютын орлого дээр Оюу толгойн нийт борлуулалтын орлогын 5 хувь нь орж байгаагаас бид тэргүүлэх хөгжилтэй эдийн засагтай орон гэгдэж байгаа ч зээл авч байна, хямарч байна.
Мөн хоёр нам Засгийн газарт хамтрахдаа улсын өрийг нэмэгдүүлэхгүй улсаа хөгжүүлнэ гэж байсан ч одоогийн ажиллаж буй арга барилыг харахад өр тавих сэтгэхүйгээр ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газар бүтцийн өөрчлөлт хийнэ гэж байгаа ч дэд сайдын орон тоогоо хөдөлгөхгүй байна. Цалин төсвийн орлогоос хамаарна гэсэн нь цалин тэтгэвэр нэмэхгүй гэсэн нь адил уншигдаж байгаа юм.
Нэгдүгээрт баялгийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаатай холбоотой. Хоёрдугаарт, баялгийн мөнгөө 1.5 саяын хувь хишигт тараасан, тэр мөнгөө зээлээр босгосон. Гуравдугаарт, үнэ тогтворжуулах хөтөлбөрөө оновчгүй зохион байгуулсан. Сонгуулийн амлалтаар улс орноо хөгжүүлнэ гэсэн. Энэ маягаар явбал монголын өр их хэмжээтэй болох нь ээ” гэлээ.