70 жилийн өмнө ард түмэндээ хандаж хэлсэн И.В.Сталины үг
СТАЛИН
2015.05.09

70 жилийн өмнө ард түмэндээ хандаж хэлсэн И.В.Сталины үг

Аугаа Эх орны дайн бидний бүрэн ялалтаар өндөрлөлөө!

Нөхдөө! Эх орон нэгт эрэгтэй, эмэгтэй ард иргэдээ!

Өнөөдөр Германыг ялсан аугаа ялалтын өдөр. Улаан арми болон манай холбоотнуудын дайчдын өмнө Фашист Герман өвдөг сөхрөн, ялагдсанаа хүлээн зөвшөөрч, үг дуугүй бууж өглөө.

Тавдугаар сарын 7-нд Реймс хотноо бууж өгөх протоколд урьдчилсан байдлаар гарын үсэг зурлаа.

Тавдугаар сарын 8-нд Берлин хотноо Германы дээд командлал, Улаан Армийн болон Холбоотны хүчний дээд командлалын өмнө 24 цагийн дотор бууж өгөх сүүлчийн баримтад гарын үсэг зурлаа.

Гэрээ хэлцлийг хоосон цаас гэж үздэг Германы удирдлагын чонон санааг мэдэхийн хувьд, тэдний үгэнд итгэх үндэс бидэнд байхгүй байв.

Гэсэн хэдий ч өнөө өглөөнөөс эхлэн бууж өгөх актын дагуу Германы цэргүүд манай дайчдад зэвсгээ хураалган бууж өгч эхэллээ.

Энэ акт хоосон цаас биш байжээ.

Үнэхээр Германы зэвсэгт хүчин бууж өгч байна. Гэхдээ Германы армийн нэгэн бүлэглэл Чехословакт бууж өгөхгүй байсаар байгаа. Гэвч Улаан Арми тэднийг буулгаж чадна гэдэгт би итгэж байна.

Одоо бид албан ёсоор энэ өдрийг Германыг бут цохин дийлсэн түүхэн өдөр, манай ард түмний Германы империализмыг ялсан аугаа ялалтын өдөр гэж нэрлэж болохоор боллоо.

Манай эх орны тусгаар тогтнол, эрх чөлөө нь асар их гарз хохирол, зовлон зүдгүүр, үхэл хагацал, ар талын болон фронт дээрх хүнд хүчир хөдөлмөрийн дүнд хамгаалагдсан бөгөөд үүний хариуд бидэнд дайснаа ялан дийлсэн алдар нэрийг авчирлаа.

Удаан жилийн түүхтэй славяны ард түмний оршин тогтнох, тусгаар тогтнолын төлөө тэмцэл, Германы эзлэн түрэмгийлэгчид, харгис этгээдүүдийг ялснаар төгслөө.

Одооноос эхлээд Европ тивийн дээгүүр үндэстнүүдийн эрх чөлөө, үндэстэн хоорондын эв найрамдлын туг намирч эхэлнэ.

Гурван жилийн өмнө Гитлер олон нийтийн өмнө ЗХУ-ыг задлан хуваах, түүнээс Кавказ, Украйн, Белорусь, Балти хавийн нутаг зэрэг бусад хэсгүүдийг тасдаж авах төлөвлөгөөгөө зарлаж байлаа.

Тэр “Бид Орос орныг дахин өндийх аргагүй болтол нь устгана” гэж ил тод мэдэгдэж байв.

Энэ бол гурван жилийн өмнөх явдал.

Гэвч Гитлерийн энэ ойворгон санаа хэрэгжсэнгүй, дайны явцад салхинд хийслээ.

Үнэндээ Гитлерчүүдийн солиорол эсрэгээр эргэжээ.

Герман өөрөө бут цохигдлоо. Германы арми бууж өглөө. Зөвлөлт Холбоот Улс Германыг эзлэх, сөнөөх ямар ч бодолгүйгээр ялалтаа тэмдэглэж байна.

Нөхдөө! Аугаа Эх орны дайн манай бүрэн ялалтаар өндөрлөлөө.

Европт дайн дууслаа. Тайван цагийн бүтээн байгуулалт эхэллээ.

Миний хүндэт эх орон нэгт эрэгтэй, эмэгтэй ард иргэддээ Ялалтын баярын мэнд хүргэе!

Дайснаа дарж, Эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалсан Улаан Армийн яруу алдар бадраг!

Манай аугаа ард түмэн, ялагч ард түмний яруу алдар бадраг!

Ард түмнийхээ эрх чөлөө, аз жаргалын төлөө дайнд амиа алдсан баатруудын алдар гавьяа үүрд мандан бадраг!