Өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлнэ
Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын чадавхийг бэхжүүлэх”, зах зээлд шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлэх, боловсронгуй болгох, шүүхийн практикийг судлах зэрэг чиглэлээр Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газар болон Шүүхийн Ерөнхий Зөвлөл хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан“Өрсөлдөөний тухай хууль нь 2010 онд батлагдсан харьцангуй шинэ хууль. Шүүхийн практикт зарим кейс урьд өмнө шийдвэрлэгдэж байгаагүй цоо шинэ харилцаа байдаг.
Өрсөлдөөний тухай хууль улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, баялгийн зөв хуваарилалттай уялдаа холбоотой өргөн хүрээнд үйлчилдэг чухал ач холбогдолтой хууль юм. Иймд ЖАЙКА-ийн төслийн хүрээнд өрсөлдөөний эрх зүйгээр шүүгчдийг мэргэшүүлэх, сургалт зохион байгуулах, олон улсын туршлага судлуулах, өрсөлдөөний эрх зүйг хөгжүүлж, улам боловсронгуй болгох, судалгаа хийх зэргээр ШЕЗ-тэй хамтран ажиллана” хэмээн тэмдэглэлээ.
Харин Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Өнөөдөр бид ШӨХТГ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэж байна. Шүүх байгууллагын хувьд өрсөлдөөний эрх зүйн орчин шинэ тутам зүйл учраас бид энэ төслийн хүрээнд шүүгчдээ сайн туршлага бүхий улс орон тэр дундаа Япон Улсын Өрсөлдөөний туршлага, шүүхийн практикийг судлуулах сургагч багш нарыг бэлдэхээр боллоо. Манай бэлтгэгдсэн сургагч багш нар захиргааны хэргийн болон иргэний шүүгч нарт мэдсэн сурснаа зааснаар Монгол Улсад Өрсөлдөөний эрх зүйн орчин нөхцөл сайжирна” гэж онцолсон юм.