Шадар сайд хүүхдүүдтэй хамт баярлалаа
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Үндэсний соёл, амралтын хүрээлэнд зочилж хүүхэд, багачуудтай хамт баярыг нь тэмдэглэлээ.
Тэрээр хүүхэд багачуудад сайн сайхныг хүсч, өнчин, хүнд хөдөлмөр эрхэлдэг, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд гарын бэлэг, үнэ төлбөргүй тоглох эрхийн бичиг гардуулсан байна. Шадар сайд дараа нь “Маамуу нааш ир” дуунд зориулсан хөшөөний нээлтэд оролцлоо.
Хүүхэд бүр дуулж өсдөг, хэн бүхний мэддэг энэ дуу өдгөө 55 нас хүрч байна. Төрийн шагналт Ч.Лхамсүрэн 1956 онд энэ дууны үгийг бичиж, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч С.Лувсаншарав аяыг нь зохион, “Хүүхдийн дууны” хэмээн алдаршсан, гавъяат жүжигчин В.Долгор дуулсан түүхтэй. Д.Лувсаншарав гуай тухайн үед ЗХУ-д сурч байсан бөгөөд 5 настай охиныхоо аялсан аялгуунаас санаа авч аяыг нь зохиожээ.
Маамуу нааш ир хөшөө
“Маамуу нааш ир” дуу зохиогдсоны 55 жил, Д.Лувсаншарав гуайн 85 насны ойг тохиолдуулан “Дайчин Мустанг” компаний хамт олон энэ хөшөөг бүтээж Монголын Хүүхдийн ордоны гадна талбайд сүндэрлүүллээ. Ингэснээр “Маамуу нааш ир” дуу “Халуун элгэн нутаг” дууны дараа хөшөөнд мөнхөрч байна.
Шадар сайд М.Энхболд жанжин Д.Сүхбаатарын талбайд болсон “Эрүүл орчинд-инээмсэглэж амьдарцгаая” сэдэвт хүүхдийн баярт оролцсоныхоо дараа Төв аймгийн Зуунмод хотод зочилж 100 хүүхдэд гарын бэлгээ гардуулж өгчээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Олон улсын эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн Монгол Улсын шилдэг 108, нийслэлийн шилдэг 50 хүүхдэд шагналыг нь гардуулж, “Вернист” халамжийн төвийн багачууд болон Гандантэгчинлэн хийдийн Шашны сургуульд суралцаж байгаа ламхай нарт уламжлал ёсоор гарын бэлгээ өгсөн юм.