Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд
2011.06.02

Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорлоо

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд энэ жилээс эхлэн нийслэлийн шилдэг сурагчдыг шалгаруулж, нэрэмжит шагналаа гардуулж байхаар болжээ. Энэ жилийн шилдэгүүдийг тодруулах номинацид Улаанбаатар хотын 100 гаруй сургуулийн 300 орчим хүүхэд өрсөлдсөнөөс шилдэгийн шилдэгээр 50 хүүхдийг тодрууллаа.

Нийслэлийн шилдэг хүүхдүүдэд Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн  төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ. Сурлага, урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсэд бусдыгаа манлайлсан сурагчид Шадар сайдын өргөмжлөл, “Big Bowling” төвийн нэрэмжит шагнал, “Unitel” корпорацийн шагнал гардсан байна.

 Дараа Шадар сайд М.Энхболд “Вербист” халамжийн төвд хүмүүжиж байгаа 70 хүүхдэд гарын бэлгээ гардууллаа. “Вербист” халамжийн төвд багачуудын амьдрах орчин нөхцлийг сайжруулах чиглэлээр хүүхдийн асуудал эрхэлсэн сайдын хувьд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд, жил бүр тус төвийн хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулан өгдөг байна.

 Гандантэгчэнлин хийд дэхь Шашны сургуулийн лам хүүхдүүдэд Шадар сайд М.Энхболд жил бүрийн 6 дугаар сарын 1, цагаан сарын баяраар гарын бэлгээ гардуулан өгдөг уламжлал тогтоод гурван жил болсон. Энэ жилийн Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн тэрээр шашны сургуульд зочиллоо.

Шашны сургуулийн 60 сурагчид гарын бэлгээ гардуулжээ

 Өнгөрсөн жилүүдэд Шадар сайд М.Энхболдоос бэлэг авч байсан ламхай нарын зарим нь насанд хүрч, дацангийн ламын суудалд хэдийнэ шилжжээ. Харин тэдний орыг залган бурханы шавь болохоор суралцаж байгаа ламхай нар нэмэгдсээр байгаад талархаж байгаагаа Шадар сайд М.Энхболд хэллээ.

 Тус шашны сургуулийн 60 сурагчид гарын бэлгээ гардуулсаныхаа дараа тэрээр хэвлэл, мэдээллийнхэнд ярилцлага өгсөн байна.

 “Хүүхдийг болзошгүй эрсдлаас урьдчилан сэргийлж, хамгаалах” олон нийтийн санаачилгыг Шадар сайд өрнүүлж, одоогийн байдлаар манай улсын төрийн бүхий л байгууллагууд чиг үүргийн дагуу, төрийн бус байгууллагууд, гадаадын олон арван байгууллага өөрсдийн санаачилгаар нэгдэж, хүүхэд, багачуудыг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалахаар 5 дэд зөвлөлд хуваагдан ажиллаж байгаа билээ. Тус таван дэд зөвлөлийн ажил өнөөдөр эрчимтэй өрнөж, салбар бүрт, хүүхэд бүрт хүрсэн үйл ажиллагааг жигд явуулж эхлээд байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.