Удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн, сургалт боллоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн
2015.04.30

Удирдах ажилтны хоёрдугаар зөвлөгөөн, сургалт боллоо

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг, орон нутгийн салбар нэгжүүдийн үйл ажиллагаанд удирдлагын манлайллыг хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, хууль эрх зүй болон дотоод үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээлэл, зөвлөгөө, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээдэг.

Иймд энэ үндсэн үүргийн хүрээнд Засгийн газраас дэвшүүлсэн хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд салбарын удирдах ажилтнуудын чадавхийг дээшлүүлж, цомхон, чадварлаг, мэргэшсэн удирдлагаар хангах зорилгоор энэхүү зөвлөгөөн, сургалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөгөөнөөр салбарын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах боломж, арга замуудын талаар хэлэлцэж, төрийн байгууллагын удирдлагын соёл, ёс зүй, удирдлагын үр ашигтай арга барил, туршлагыг нэвтрүүлэхэд удирдах ажилтнуудыг сургах бөгөөд удирдах ажилтнуудад шаардагдах мэдлэг чадавхийг эзэмшүүлнэ. 

• Зөвлөгөөн, сургалтаар дараах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.Үүнд Салбарын шинэчлэлийн бодлого, стратегийн зорилтууд, удирдлагын манлайлал болон үйл ажиллагааны дотоод уялдаа холбоог сайжруулах боломж, арга замыг тодорхойлох чиглэлээр нэгдсэн хурал зохион байгуулж, хэлэлцүүлэг хийн зөвлөмж, дүгнэлт гаргах;
• Хүн ам, түүний бүлгүүдийн хөгжил, иргэдийн нийгмийн баталгааг хангахад чиглэсэн салбарын бодлого, нийгмийн даатгал, халамжийн сангуудын төсөв, санхүүгийн бодлогын удирдамжаар хангах мэдээлэл зөвлөгөө өгч сургалт зохион байгуулах; 
• Салбарын байгууллагуудын цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, улмаар иргэдэд чанартай, үр дүнтэй үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх чиглэлээр сайн туршлагаа харилцан солилцох;

Удирдах ажилтны зөвлөгөөн, сургалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв, Нийслэл, дүүрэг, 21 аймгийн нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Олон улсын Найрамдал зуслан, Хүүхэд гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн 250 гаруй төлөөлөгч оролцож байна.