Тэтгэврийн насыг уртасгах нөхцөл хараахан бүрдээгүй гэв
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2015.04.30

Тэтгэврийн насыг уртасгах нөхцөл хараахан бүрдээгүй гэв

Монголын үйлдвэрчний эвлэлээс гурван багц асуудлаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах 2015-2030 оны бодлогын баримт бичгийг Засгийн газар, УИХ-ын байнгын хороодын төвшинд хэлэлцэж эхэлсэнтэй холбоотой. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын цалингийн талаар, гуравдугаарт, ирэх сарын 1-нд “Эв санааны нэгдлийн өдөр”- ийг тэмдэглэх талаар мэдээлэв.

Монгол Улсын тэтгэврийн даатгал нь эв санааны нэгдлийн зарчмаар шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоотой. Гэтэл энэхүү тогтолцоогоо хэвээр хадгалан, цааш үргэлжлүүлбэл тэтгэврийн сангийн алдагдал өсч, ДНБ-нд эзлэх хувь хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тодруулбал, ДНБ-ий эзлэх хувийн жин 2030 он гэхэд долоон хувь, 2040 он гэхэд 10 хувь хүрэх төлөв ажиглагдаж байгаа гэж албаныхан хэллээ.

Энэхүү алдагдлыг тогтворжуулах үүднээс тэтгэвэр бодох хувь хэмжээг бууруулах, шимтгэлийн хувь хэмжээг өсгөх, тэтгэвэрт гарах насыг өсгөх шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны Хүн амын сангийн зөвлөх байгууллагууд зөвлөсөн байна. Шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн нэмэгдлийн зөрүүг арилгах, хуваарилалтын тогтолцоог халж, хуримтлалын тогтолцоо руу шилжих зэрэг олон судалгааг хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар өндөр насны тэтгэвэр авч буй 218700 иргэн байдаг бөгөөд тэтгэвэрт нэг жилд 800-900 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн учраас зарцуулах мөнгө нэмэгдсэн байна.

Гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэх цаг ирлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хэлэлцээр энэ оны нэгдүгээр сард болж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг тохиролцсоноор улсын төсөвт суулгуулж чадсан. Өөрөөр хэлбэл, цалинг нэмэхэд нийтдээ 90 тэрбум, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд энэ хэмжээний нэмЗгдлийг Улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангаас зарцуулахаар тохиролцсон аж. Өнгөрсөн хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг 20-22 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх арга хэмжээг авсан билээ. Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч  Х.Амгаланбаатар “Яг өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл тодорхой бус байна. Гэхдээ энэ чиглэлээр хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт хороо сар гаруйн өмнө хуралдаад цалинг хэдийнээс ямар үе шаттайгаар хэрхэн нэмэх вэ гэдэг тохиролцоогоо хийчихсэн.

Ирэх сарын нээс төрийн албан хаагчдын, долдугаар сарын 1-нээс төрийн тусгай албан хаагчдын, аравдугаар сарын 1-нээс төрийн захиргааны буюу удирдах албан тушаалтнуудын цалинг тус бүр хувиар бус мөнгөн дүнгээр нэмнэ гэдэг тохиролцоог Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбооны хамтарсан үндэсний хорооны хурлаар тохиролцсон. Энэ тохиролцоог Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ёстой. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар баталгаажуулж амжаагүй байна. Гурван талт хэлэлцээрийн хэрэгжих хугацаа ойртож байгаа учраас үүнийг хурдан баталгаажуулаач ээ гэдэг саналыг дахин тавьж байна. Хэрэв ирэх сарын 1-нээс энэхүү тохиролцоо хэрэгжихгүй бол хэлэлцээрийн заалтын дагуу хамтын маргаан дэгдэж, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх нөхцөл байдал бүрдэнэ" гэв.

Төмөр замын 15 мянган ажилчны таван мянга гаруй нь хүнд ,хортой нөхцөлд ажилладаг

УИХ-ын байнгын хороогоор хэлэлцэж байгаа “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д тусгаснаар тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг тавьж байгаа. Төрөөс тэтгэврийн насыг эмэгтэй 58, эрэгтэй 62 хүртэл нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа юм. Тэгвэл Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг асуудлыг олон нийтэд ойлгомжтойгоор танилцуулахыг хүсэв. Учир нь, тэтгэврийн насыг уртасгах нөхцөл Монгол Улсад хараахан бүрдээгүй байна. Хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдал, хүн амын дундаж наслалт, хөдөлмөрийн нөхцөлийн судалгаа шинжилгээний дүн мэдээ, ' нийгмийн тогтолцооны төлөвшил гэх мэт харгалзах хүчин зүйлээс шалтгаалан тэтгэврийн насыг уртасгах шаардлагагүй хэмээн үзэж буйгаа МҮЭХ-ноос илэрхийлэв.

Түүнчлэн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь төрийн тэтгэврийн сан мөнгөгүй болсонтой шууд холбоотойгоор тэтгэвэр авагчдын тоог цөөлөх гэсэн бодлого хэмээн ,үзэж байгаа гэнэ. Хүнд нөхцөлд ажилладаг зарим иргэдийн хувьд тэтгэврийн насыг нь өндөрсгөх юм бол ажиллах чадамжгүй болохоос гадна биед нь сөрөг нөлөөтэй хэмээлээ. Энэ талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ц.Батчулуун: ‘‘Төр, засгаас тэтгэврийн шинэчлэлийн талаар өөрчлөх баримт бичгийг гаргаж байгаа юм байна.

Үүнд, тэтгэврийн насыг уртасгах нь нэг чиглэл болсонд манай төмөр замчид нэлээд сэтгэл дундуур байгаа. Учир нь, манай 15 мянган ажилчдын таван мянга гаруй нь хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Тэтгэврийн насыг нэмүүлэх нь битгий хэл арайхийн 55 нас хүрч тэтгэвэрт гардаг. Тиймээс хүнд, хөнгөн нөхцөлд ажилладаг иргэдээ ялгаасай. Боломжийн хөнгөн нөхцөлд ажилладаг иргэдийн ажиллах жилийг нэмэгдүүлбэл бид дэмжинэ гэдгээ хэлье. Дээр үед тэтгэвэр тогтоолгосон хүнийх бол бага шүү дээ. Сүүлийн үед цалин тэтгэвэр нэмээд дунджаар 500 мянган төгрөг болсон” гэлээ.

“Олон улсын эв санааны нэгдлийн өдөр”

Тэртээ 1886 оны энэ өдөр Чикаго хотод “Ажлын найман цаг”-ийн горимд шилжих шаардлага тавьж зохион байгуулсан жагсаал цуглаанаас үүдэн тавдугаар сарын 1-нийг “Олон улсын эв санааны нэгдлийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо бусад ажил олгогч байгууллагуудтай хамтран тэмдэглэдэг уламжлалтай. Тавдугаар сарын 1 -н олон улсын иргэд хөдөлмөрчдийн эв санааны нэгдлээ илэрхийлдэг, өөрийн орны төр, засгийн газар, ажил олгогчдод тулгамдсан асуудал, хүсэл зорилгоо илэрхийлдэг өдөр билээ.

Мөн дэлхийн улс орнуудад эвлэлдэн нэгдэх эрх хэмээх ойлголт хэр зэрэг хэрэгжиж байна вэ. Үүний том баталгаа болсон хамтын гэрээ хэлэлцээр хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэгт маш том дүгнэлт өгдөг өдөр гэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсад эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилт хангалттай бус төвшинд байгаа бөгөөд Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх замаар эрхээ хамгаалах НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын хөдөлмөрийн байгууллагын хэм хэмжээ, Монгол Улсын Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулиудаар баталгаажсан эрхийг зарим ажил олгогчид ноцтой зөрчиж буй тохиолдол ихээр гарч байгааг хэлж байв.

Боловсрол, шинжлэх ухааны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг “Сүүлийн жилүүдэд төрийн захиргааны байгууллага тэр тусмаа   өндөр албан тушаалтнууд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох халдлагыг их хийж байна. Төр   захиргааны байгууллага нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц, үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулиараа бол манай байгууллагад хөндлөнгөөс оролцох ёсгүй байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн боловсролын хэлтсийн дарга гэхэд мэргэжилтнүүддээ үүрэг өгөөд заавал энэ талаар бичгээр авч ир, заавал зогсоо, заавал гарын үсгээ өг гэх мэтчилэн хууль бус шаардлага тавьж байгаа нь дүрэм журмаа ноцтой зөрчиж буй нэг хэлбэр юм” хэмээв.