Сонгинохайрхан дүүрэгт баригдах сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулах чиглэл өглөө
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өнөөдөр БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар, ЭМСЯ-ны Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Т.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Х.Нямбаатар болон албаны бусад хүмүүстэй уулзаж тус дүүрэгт баригдах сургууль, цэцэрлэгийн барилгуудыг яаралтай эхлүүлж ашиглалтад оруулах чиглэл өглөө.
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар "Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийгмийн салбарт найман тэрбум 523 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийхээр төлөвлөсөн. Дүүргийн хэмжээнд дутагдалтай байгаа стандартын сургууль, цэцэрлэгийн барилгуудыг бариулах, царцаагдсан барилгуудыг эхлүүлэх чиглэлээр хүчин чармайлт тавин ажиллах хэрэгтэй. Долоон жил гаруй хугацаанд баригдаж буй Баянхошууны 24-р хорооны сургууль болон дүүргийн спорт цогцолборын барилгын ажлыг дуусгах хэмжээний хөрөнгийг 2015 оны төсөвт суулгасан. Тиймээс улсын төсөвт хөрөнгийг нь суулгасан ажлуудаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж хариуцлагатай хандах хэрэгтэй" хэмээн онцлов.
Сонгинохайрхан Улаанбаатар хотын хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй дүүрэг. Тэр хэмжээгээр сургууль, цэцэрлэгийн ачаалал их байдаг бөгөөд энэ оны байдлаар 24 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж буй. Эдгээр сургууль 22,040 хүүхдийн суудлын тоотой. Гэтэл сурагчдын тоо 38,739 байгаа нь ашиглалтын хувийг 176-д хүргэж байгаа юм.
2014-2015 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр гурван ээлжээр зургаан сургууль хичээллэж байгаа. Өнөөдрийн байдлаар зургаан хороо цэцэрлэггүй, гурван хороо ерөнхий боловсролын сургуульгүй байгаа бөгөөд 2013-2016 онд дүүрэгт 78 сургууль, цэцэрлэгийн барилга хэрэгтэйбайгаа аж.