ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Оюутолгой ашиг орлогоо нэмэх боломжийг олгоно

2015.04.21
Сайт: Vip76.mn
Дугаар : 31413
Оюутолгой ашиг орлогоо нэмэх боломжийг олгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 5-нд МҮОНТ болон бусад арилжааны телевизүүдээр дамжуулан, мэдэгдэл хийж Оюутолгойн, Тавантолгойн төслийг хөдөлгөхийн төлөө Засгийн газар тууштай ажиллана гэдгийг мэдэгдсэн.

Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар Оюутолгой-н зарчмын олон асуудалд тохиролцоонд хүрч чадлаа. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт хийхийг шийдсэнээр дэлхийн 14 банкны 4.8 тэрбум ам.долларын төгрөгийн санхүүжилт хийгдэх боломжтой болно. Зургаан жил цаасан дээр байсан төсөл энэ ил баригдана. Хоёр том төслөө шийдэж байж долларын ханш буурна. Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөж эхэллээ. Одоо монгол хүн толгойгоо ухаалгаар ашиглах цаг нь ирсэн гэдгийг онцлон хэлсэн. 

Сүүлийн гурван жил гацсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыгмонгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа.

Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа.  Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар  зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно. 

Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна.  Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж,шинэ зам нээж өгнө.

 

Оюутолгойн гэрээ ашиггүй

2015.04.21
Сайт: Vip76.mn
Дугаар : 31414
Оюутолгойн гэрээ ашиггүй
УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн

УИХ дахь бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн асуудлаар энэ сарын 20-нд мэдээлэл хийсэн юм.

Миний хэлэх дараах тоо баримт бол Сангийн яаманд Татварын ерөнхий газраас гаргаж өгсөн мэдээлэл учир бодитой тоо юм. Эхлээд Оюутолгойн 2014 оны гүйцэтгэлийн талаар хэдэн тоо баримт хэлье. Оюутолгой бол Монголын ард түмний амьдралд мэдрэгдэхүйц нөлөөлөх, нэг ёсондоо дэлхийн хэмжээний том төсөл шүү дээ. Хамгийн энгийнээр тайлбарлахад “Эрдэнэт”-ээс хоёр дахин том төсөл. 2014 онд Оюутолгой 805,7 мянган тонн зэсийн баяжмал олборлосон байна. Үүнээс цэвэр зэс нь 189 мянган тонн. Өнгөрсөн жил дэлхийн зах зээл дээр зэсийн дундаж үнэ 6500 ам.доллар байсан.

Энэ ханшаар тооцвол 1.2 тэрбум ам.доллар болж байгаа юм. Цэвэр алт 19.5 тонныг олборлосон тоо бий. Нэг килограмм алт өнгөрсөн онд 45000 ам.доллар байсан гэж тооцоход 880 сая ам.доллар болж байна. Нийлээд хоёр тэрбум ам.доллар. Нэг ам.доллар 1800 төгрөгтэй тэнцлээ гэж бас тооцъё. Ингэвэл 3.6 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс татварт тооцсон дүн нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 111 тэрбум төгрөг. Гэтэл Оюутолгойнхон удирдлагын зардалдаа үүнээс их мөнгө авдаг юм билээ.

Рио Тинтогоос Оюутолгойн удирдлагын багт томилогдсон хэдхэн хүний цалин, шагнал, нааш цааш сүлжихдээ гаргасан нийт зардлыг л удирдлагын менежментийн зардал гэж тооцоод байгаа юм. Тэр зардалд Оюутолгойн нийт ашгийн зургаан хувь буюу Монгол Улс Оюутолгойгоос татвар, хураамж хэлбэрээр авч байгаа мөнгөнөөс илүү ихийг хэдхэн ноёд хуваагаад авч байгааг хэлээд байна. Тэд нар зургаан хувийг хувааж авдаг бол Монгол Улс тавхан хувийн татвар, хураамж авч байгаа. Энэ их баялгийнхаа 40-50 хувь биш бүр дөнгөж тавхан хувийг алдаг, оног олж авч байгаа нь дэндүү дээрмийн гэрээ болсныг харуулж байна.

С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгүй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч үгүй, хамарт ч үгүй хохироод л суугаад байна. Оюутолгойгоос энэ 2015 онд 800 мянган тонн зэс олборлохоос 200 мянган тонн нь цэвэр зэс байх юм билээ. Алт нь мөн л 19 орчим тонн байна гэсэн таамаглал байгаа. Үүнээс мөн л дээрх хэмжээний мөнгө олох бол нийт борлуулалтынхаа 4-5 хувийг л Монголд үлдээнэ. Энэ хэдхэн тооноос харахад л Оюутолгой Монголчуудад ямар ч ашиггүй байна.

Ерөнхий сайд Оюутолгойг хөдөлгөнө гэж яриад байгаа. Гэтэл Оюутолгой чинь явж байгаа төсөл шүү дээ. Хамгийн гол нь бидний хүлээсэн, тэдний яриад байсан үр дүн гарахгүй байгаад асуудал байгаа юм. УИХ-ын Төсвийн байнгын хороог ахалж байсан хүний хувьд одоо бол Оюутолгойн гэрээ, С.Баярцогт хоёр амьдралын үнэнд гүйцэгдсэн гэдгийг л харж байна.


39ХҮНДЭМЖИВ
Дэмжих
127ХҮНДЭМЖИВ
Дэмжих