Шинэ нисэх буудал 27.2 хувийн гүйцэтгэлтэй гэв
Хөшигтийн хөндийд баригдаж буй шинэ нисэх буудал
2015.04.08

Шинэ нисэх буудал 27.2 хувийн гүйцэтгэлтэй гэв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Тус байнгын хороо энэ асуудлыг УИХ-ын 2014 оны намрын чуулган завсарлахын өмнөхөн хэлэлцээд ажлын хэсэг гаргаж асуудлыг газар дээр нь үзэж танилцах, түүнчлэн төслийн зардлын өсөлтийн талаар аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзээд хэлэлцүүлгийг түр хойшлуулж, УИХ-ын гишүүн Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Болор байнгын хорооны хуралдаанд хийсэн танилцуулгадаа, ажлын хэсэг төслийн нэгж болон газар дээр нь очиж төслийн явц байдал, хэрэгжилттэй танилцаж холбогдох мэдээллийг авсан.

Мөн дэд ажлын хэсэг гаргаж, төслийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, нэмэлт зардлын талаар аудитын дүгнэлт хийлгэхэд ноцтой зөрчил илрээгүй тул төслийн нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тухайгаа танилцуулав.

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулж, мөн сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон баталсан. Онгоцны буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгасан агаад гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгаруулах тендерийг хоёр удаа зарлаж, ерөнхий гүйцэтгэгч байгууллагаар Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран бүтээн байгуулалтын ажлыг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан аж.

Гэвч хэлэлцээрийн үр дүнгээс хамааран нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэж дэмжжээ.

Тухайн үед танилцуулсан нэмэлт зээлийн дүн нь 19.6 тэрбум иен байсан бөгөөд энэ нь зөвхөн гүйцэтгэгч байгууллагад төлөх шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн дүн юм. Харин одоо дахин зөвшилцөхөөр танилцуулж байгаа нэмэлт зээлийн дүн нь 36.85 тэрбум иен юм байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2013 оны 6 дугаар сараас эхэлсэн, өнөөдрийн байдлаар 27.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа агаад төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын 65.7 хувийг энэ онд гүйцэтгэх зорилт тавьж байгаа юм байна.