Монгол адууны стандартыг тодорхойлно
2011.07.21

Монгол адууны стандартыг тодорхойлно

Тэгш дөрвөн их ой давхацсан энэ удаагийн баяр наадмыг зохион байгуулсан хорооныхон Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас "А" үнэлгээ авч сайшаагджээ. Энэ талаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд М.Энхболд  сэтгүүлчдэд  мэдээлэл хийсэн юм. Түүхт ойн хүрээнд "1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал" эрдэм шинжилгээний хурал хийж, "Хөгжил дэвшлийн эрин зуун" фото альбом, Их Монгол Улс байгуулсны 805, Ардын хувьсгалын 90 жилийн ойн сери марк гаргажээ. Мөн энэ жилийн наадмын бас нэгэн онцлог нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлыг дугаартай болгосноор олон дэвшилт гарсан гэв. Тухайлбал, өмнөх баяруудад гардаг байсан тасалбар худалдан авсан хүмүүс наадмын нээлт үзэж чадахгүй гэх мэт асуудлыг таслан зогсоосон байна.

Түүнчлэн анх удаа энэ наадмаар монгол, эрлийз морьдыг тусад нь уралдуулсан, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарсны үр дүнд хүүхэд гэмтэж бэртээгүй байна. Харин Засгийн газрын зүгээс анхааруулсан ганц асуудал бол засуулууд бөхчүүдээ талбай голлуулан барилдуулахгүй тохиолдол цөөнгүй гарсан нь барилдаан будлиантах үндэс болсон гэдгийг сануулсан гэнэ. Үндэсний сурын харваанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 534 харваач оролцож, шинээр улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан бол шагайн харваанд 50 багийн 400 шахам харваач цэц мэргээ сорьсон байна. Мөн баярын үеэр наадамчдын аюулгүй байдал, тав тухыг хангах, замын хөдөлгөөнд зохицуулалт хийж, хэв журам сахиулах, урьдчилан сэргийлэхийн тулд 3460 албан хаагч ажиллажээ. Харин төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нийтийн хоолны болон хүнсний бараа бүтээгдэхүүний 780 аж ахуйн нэгж, байгууллага худалдаа, үйлчилгээ гарган ажиллуулсан байна.

Энэ удаагийн Үндэсний их баяр наадамд улс, нийслэлийн төсөв болон баяр наадмын орлогоос нийт тэрбум 300 сая төгрөг төсөвлөсний 432,3 саяыг нь бүтээн байгуулалтад зарцуулжээ. Түүнчлэн төв цэнгэлдэх хүрээлэн багтаамж муу учир 3040 мянган хүний суудалтай орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон цэнгэлдэх хүрээлэн барих газрыг сонгож, -зураг төслийг боловсруулан, зардлын тооцоог гаргасан аж. Мөн хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсныг Шадар сайд дуулгасан юм. Бас хурдан морины уралдаан зохион байгуулах явцад гарсан зөрүүтэй ойлголтыг нэг мөр шийдэх үүднээс монгол адууны стандарт, тодорхойлолтыг дахин шинэчлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.