Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийг иргэд талархан хүлээж авч байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан иргэдтэй уулзлаа
2015.03.31

Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийг иргэд талархан хүлээж авч байна

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэж 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр батлан гаргасантай холбогдуулан иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлж байгаа иргэдэд ямар давуу талууд үүсч байгааг сонирхож байна. Нөгөө талаас хөдөө орон нутагт УИХ-ын чуулганаар батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, мэдээллийг түргэн шуурхай хүргэх талаар учир дутагдалтай байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан иргэдтэй уулзах үеэр онцолж байлаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай шинэ хуульд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатуулагч чанартай, аюулгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах, өөрсдийн төлөөллөөрөө дамжуулан эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагаанд оролцох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлаа даатгалын сангаас төлүүлэх эрхийг хуулиар тогтоож өгсөн байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрөө энэ хуулийн ажлын хэсэгт хамгийн идэвхтэй ажилласан гишүүний хувьд Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулийн гол зүйл заалтуудыг иргэдэд дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Түүнчлэн шинэ хууль батлагдан гарснаар өрх, сумын эмнэлгийн түвшинд үзүүлэх эмчилгээ, оношилгоо, шинжилгээний зардал, урьдчилан сэргийлэх үзлэг болон бусад шатлалын эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх хорт хавдрын хими, туяа эмчилгээний зардал, өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг болсон байна. Даатгуулагч зөвхөн өрхийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад даатгалын сангаас үнийн хөнгөлөлт авдаг байсан бол 2 дахь шатлалын буюу аймаг, дүүргийн амбулаторийн нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жороор эм худалдан авахад мөн үнийн хөнгөлөлт эдлэхээр шинэ хуульд тусгаж өгчээ.

Даатгуулагчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас түлхүү санхүүжүүлдэг байсан бол цаашид даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахад анхаарах, үүнтэй холбоотой зардлыг даатгалын сангаас гаргах, даатгалын байгууллага даатгуулагчийг үзлэгт хамруулах талаар урьдчилан заавал мэдэгдэж байх зохицуулалтуудыг шинэ хуульд тусгажээ. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай өмчийн хэлбэрийг үл харгалзан гэрээ байгуулан ажиллаж, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанар, даатгуулагчаас гаргуулсан төлбөрт байнга хяналт тавьдаг болно.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу даатгуулагч бүрт даатгалын цахим карт олгох бөгөөд уг карт нь даатгуулагчийн шимтгэл төлсөн байдал, хувийн мэдээллээс гадна шаардлагатай эрүүл мэндийн үзлэгийн талаарх мэдээллийг агуулна. Мөн даатгалын цахим картыг нэвтрүүлснээр даатгалын байгууллагаас эмнэлгийн байгууллагууд руу тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг богино хугацаанд шилжүүлэх мэдээллийн цахим сан бий болох нөхцөл бүрдэх ажээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2015 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.