Засгийн газрын тайлбарлаж чаддаггүй “5 тэрбум төгрөг”
Засгийн газарт төр түмнийхээ төлөө тангараг өргөсөн төрийн албан хаагч нар ажилладаг.
Төрийн албан хаагч нар 2006 оноос 2015 он хүртэлх хугацаанд 5 тэрбум 700 сая төгрөгийг тайлбарлаж чадахгүй байна. Учир нь жил бүр Ерөнхий сайдын шууд удирдлаган дор ажилладаг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга ажлын алба 2006 оноос хойш Засгийн газар уул уурхайн салбараас хүлээн авсан бүх төрлийн орлогоо, нөгөө талаас компаниуд нийт ард түмний мэдэлд буй баялагаас хэдийг ашиглаж хэдий хэмжээний татвар төлбөр төлснөө ил тод нээлттэй тайлагнаж иржээ.
Сайн дурын байдалтай мэдээлдэг учир хэн ч тоож авч хэлэлцдэггүй. Гэтэл тайланг нь нарийн үзэхэд үнэхээр эрэн сурвалжилмаар олон ээдрээт асуудал гарч байна.
Тайлангаас үзэхэд Засгийн газар авсан, өгсөн гээд байгаа мөнгөний хэмжээ 5 тэрбум 700 сая төгрөгний зөрүүтэй гарчээ.
Энэ мөнгийг компаниуд Засгийн газарт буюу тухайн орон нутгийн төрийн захиргаанд, эсвэл захиргааны ажилтанд ямар нэгэн байдлаар өгсөн гэдгээ анхан шатны баримтаар нотолж байгаа аж. Гэтэл үүнийг нь Засгийн газар аваагүй гэдгээ нотолж чадахгүй байгаа юм. Томоохон мөнгөний зөрүү гарсан атал төр ямар нэгэн хариуцлага хүлээсэн зүйл байхгүй.
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын бүх тайлан, мэдээллийг http://www.eitimongolia.mn/ авна уу.
Гэтэл энэ мөнгө нь зөвхөн уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй улсад бүртгэлтэй 1800 компаниас 200-г нь сорчлон авсан аудитын шалгалтын үр дүн юм. Хэрвээ бүгдийг нь шалгавал үүнээс ч их мөнгөний зөрүү гарах нь ойлгомжтой.
Ямар компани дээр, аль засгийн газрын төийн албан хаагчдын түвшинд хаана зөрүү байгааг харж үзэж болно. Найман жилийн хугацаанд зөрүү гарсан байтал засгийн газар хариуцлага хүлээхгүй л яваад банйа. Иймд энэ зөрүүний талаар хууль шүүхийн байгууллага, АТГ нь нягталж байх үүрэгтэй. Гэтэл энэ зөрүүний талаар өнөөдөр болтол ямар нэг арга хэмжээ авч байсангүй, хэн нэгэнд хариуцлага хүлээлгэж байсангүй.
Уул уурхайн олборлолтой холбоотой мэдээллийг ил тод болгох нь ард иргэдэд л хамгийн их хэрэгтэй.
Дундговь аймгимйн Өлзийт суманд жишээ гарчээ. Энэ тухай Хил хязааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан нотолж байна. “Адил-оч” хэмээх уул уурхайн компани 2 сая төгрөгийг наадмаар сумын засаг даргад хандивласан гэдгээ тайлагнажээ.
Харин засаг дарга болохоор 1,5 саяыг л авсан гэж. 500 мянган төгрөг дутсаныг эрээд суртал тэр мөнгийг нь бэлнээр өгчихсөн байсан байна. Бэлнээр өгсөн нь тайланд ороогүй гэсэн үг. Энэ бүхнээс үзэхэд эрдэс баялгийн салбарт төр хувийн компаниас хандив тусламж авах нь буруу.
Нэгэнт орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд орон нутагт тусламж үзүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл Ашиг сонирхлын тухай хуулийн 17-р зүйлд: орон нутаг хандив дэмжлэг авах болон хүсэхийг ч хориглоно гээд заачихсан.
Гэтэл Төсвийн тухай хуулийн 25 дугаар зүйлд: хандив тусламжийг боловсрол эрүүл мэнд, соёлын салбарт авч болно гэсэн. Нэг хуулиар авч болно гээд нөгөө хуулиараа авч болохгүй гэчихсэн. Хоёр зөрүүтэй байдал үүсдэг.
Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль:
17 дугаар зүйл. Хандив авахтай холбогдсон хязгаарлалт
17.1.Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно.
17.2.Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно.
17.3.Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна.
17.4.Энэ хуулийн 17.2-т заасан хандив, санхүүгийн туслалцаа авсан албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага хоёр жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно.
17.5.Албан тушаалтан дараах тохиолдолд биечлэн, эсхүл бусад этгээдээр зуучлуулан хандив хүсэх, хандив цуглуулахад оролцох, хүлээн авахыг хориглоно:
17.5.1.хүнд өвчнийг эмчлэхэд шаардлагатайгаас бусад тохиолдолд өөртөө буюу өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хэрэгцээнд;
17.5.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хуваалцдаг иргэн болон хуулийн этгээдийн хэрэгцээнд;
17.5.3.өөртэй нь хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны албанд нь ажилладаг хуулийн этгээдийн хэрэгцээнд.
Төсвийн тухай хууль:
25 дугаар зүйл.Тусламжийн орлого, түүгээр санхүүжих зарлага
25.1.Тусламжийн орлого нь дор дурдсан хэлбэртэй байна:
25.1.1.олон улсын гэрээний дагуу авах хөгжлийн тусламж;
25.1.2.төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдээс авах тусламж, хандив.
25.2.Зөвхөн дор дурдсан нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллага энэ хуульд заасан журмын дагуу хандив, тусламж авч болно:
25.2.1.эмнэлгийн үйлчилгээ;
25.2.2.бүх шатны боловсролын үйлчилгээ;
25.2.3.соёлын үйлчилгээ.
25.3.Төсвийн ерөнхийлөн захирагчийн авах тусламж, хандивын хэмжээ тухайн төсөвт байгууллагын батлагдсан төсвийн 50 хувиас хэтрэхгүй байна.
25.4.Төсвийн байгууллага төсвийн ерөнхийлөн захирагчаараа дамжуулан дараах тохиолдолд төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгө, хөдлөх эд хөрөнгийн хэлбэрээр тусламж, хандив авч болно:
25.4.1.санхүүжүүлэх эх үүсвэр дутагдсан хөтөлбөр, арга хэмжээг үргэлжлүүлэх;
25.4.2.байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх.
25.5.Дараах тохиолдлыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн төсвийн байгууллага хандив, тусламж авахыг хориглоно:
25.5.1.хандив, тусламж өгсөн этгээд нь төсвийн байгууллагын хэрэгцээнд өөрийн барааг худалдах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлдэг байх;
25.5.2.байгууллагын ажилтны энэ хуулийн 25.4.2-т зааснаас бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилготой байх.
25.6.Тусламжийн орлогоос санхүүжүүлэхэд төсвөөс санхүүжүүлэх арга хэмжээнд тавигдах шаардлагыг нэгэн адил баримтална.
25.7.Тусламж, хандивын орлогыг холбогдох журмын дагуу бүртгэж, гүйцэтгэлийг тайлагнана.
25.8.Төсвийн ерөнхийлөн захирагч тусламж, хандив авсан тухай баримтын хувийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн санд нэг сарын дотор хүргүүлнэ.
25.9.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн болон орон нутгийн өмчит бус хуулийн этгээд татвар ногдуулсны дараах ашгаас хандив, тусламж өгнө.
25.10.Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд хандив, тусламж өгөхийг хориглоно.
25.11.Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнахтай холбогдсон харилцааг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.12.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тусламжийн орлогыг төрийн сангийн нэгдсэн дансанд байршуулна.
25.13.Энэ хуулийн 25.11-д заасан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас боловсруулж, журмын биелэлтийг хангуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.14.Гадаад улсын Засгийн газар, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон буяны байгууллагаас буцалтгүй тусламж болон хүмүүнлэгийн тусламжаар авсан барааг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллагаатай холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж, хэрэгжилтийг хангуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
Зөрүүтэй эрс тэс хууль бий болгосон нь далд хандивыг бий болгох, далд өгөө авааг үүсгэчихсэн. Авлигыг улам цэцэглүүлэх тогтолцоог АТГ-ын санаачилсан Ашиг сонирлын зөрчлийн хууль бүр даамжруулсан гэсэн үг.
Төр уул уурхайн салбарт ашиглалтын лиценз буюу уул уурхайн баялгийг хайх, ухах эрхийг олгодог учраас хуулийн хэрэгжилтийг хангаж байна уу гэдгийг хянах учиртай. Эргээд зөвшөөрлөө цуцлах эрх нь төрд бий. Гэтэл төрийн захиргааны байгууллагууд янз бүрийн хандив тусламжийг маш ихээр аваад ирэхээрээ үг дуугарч чадахаа больж, дүлий дүмбэ царайлах нь ихэсдэг.
Хянаж, хариуцлага тооцох чадваргүй болно гэсэн үг. Чухамхүү өнгөрсөн найман жилийн хугацааны тайлангаас үзэхэд 5 тэрбумын мөнгийг авсан гэдэг маань хяналт хариуцлага тэр хэмжээгээр суларсан гэсэн үг. Тийм ч учраас Монгол улсад нийт 300 гаруй сумын 227 суманд нь ашиглалтын болон хайгуулын лицензүүд олгогдчихсон байгаагаас уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр 9856,3 га талбай нөхөн сэргээгдээгүй сэглэгдчихээд байна.
Хэн нөхөн сэргээх нь тодорхойгүй. Эзэн байхгүй үлдчихээд байгаа. Тухайлбал Сэлэнгэ аймагт 2000, Ховд, Өвөрхангайд 700 орчим га талбай эзэнгүй байна. Энэ бүгдээрээ эх сурвалжтай. Байгаль орчны хөгжлийн яамны Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлангаас үзэж болно.
Төв аймагт гэхэд хамгийн их буюу 2700 лиценз олгогдсон байна. Дорноговь аймагт 339 лиценз байна.
Мөн манай улсын байгалийн баялаг бол Үндсэн хуульд зааснаар, ардчилсан өмчлөл буюу нийт ард түмний мэдэлд байдаг.
Төр засаг авлига өгч авдаг компани, аж ахуй нэгжүүд, төрийн албан хаагчтайгаа хариуцлага тооцох цаг нэгэнт болжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналаа, яаж хөрөнгө оруулалт татаж, шанага шанагаар ухах вэ гэж бодохын оронд сэглүүлсэн, сэндийчүүлсэн талбай, газар нутгаа нөхөн сэргээх вэ гэдгийг бодох цаг болжээ.