Шоовдорлогдсон худалдааны хууль
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн ч өнөөг хүртэл худалдааны тусгай хуульгүй байна
2015.03.06

Шоовдорлогдсон худалдааны хууль

Бүхэл бүтэн худалдааны салбар нь ямар ч хуульгүй манайх шиг улс цөөхөн биз. Уг нь худалдааны хууль гэдэг салбар болгон дахь худалдааны үйл ажиллагааг зохицуулах малгай хууль юм. Худалдааны хуулийг гаргах гэж хэд хэдэн удаа зангасан ч өдий болтол гараагүй. Анх 1994 онд энэ чиглэлийн хууль батлах яриа гарсан нь сураг тасарсан. Дараа нь 2010 онд боловсруулсан ч Засгийн Газарт очоогүй. 2012 онд Гадаад хэргийн яаман дээр бүх салбарын төлөөллүүд оролцож нэлээд жинтэй төсөл боловсруулсан ч талаар өнгөрсөн. Хамгийн сүүлд 2014 онд ЭЗХ-ийн яам болон УИХ-ын хэдэн гишүүд хуулийн төсөл санаачлаад саяхан УИХ-д зэрэг өргөн барьжээ.

Соц нийгмийн үед манай улс худалдааны бодлоготой байсан. 1921-1930 онд худалдааны асуудлыг Сангийн яам хариуцаж байв. Харин түүнээс хойш 57 жилийн туршид худалдааны асуудлыг хариуцсан яамтай байлаа. Тэр байтугтай 1960-1987 онд Гадаад худалдааны яам ч бас ажиллаж байв.

Гэвч өнөөдөр аль ч яамны нэрэнд “худалдаа” гэсэн үг байхгүй. 

ДНБ-ий 17 орчим хувийг бүрдүүлдэг, 130 гаруй мянган хүнийг хоолтой нь залгуулдаг салбарын хууль батлагдахгүй байгаа нь эдийн засгийн наад захын мэдлэгтэй хэн бүхний хувьд гайхмаар зүйл. 

Худалдааны хуулиар юуг зохицуулдаг вэ гэж асууж мэдэх юм. Эхлээд дотоод худалдааны тухай яръя. Хүнээс бусдыг худалдаж авч байгаа хэрэглээний нийгмийн нөхцөлд хэн юуг, ямар нөхцлөөр худалдах вэ гэдэг нь хамгийн чухал. Тухайлбал гудамжинд зогсож байсан нэг нөхрөөс жимс аваад идчихсэн чинь гэдэс өвдвөл яах вэ? Энэ мэт энгийн зүйлсээс худалдааны бодлого эхэлнэ. Мэргэжлийн хяналтынхны хийсэн судалгаанаас харахад Монгол Улсын хэмжээнд нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын бус ажлын байртай, 39.8 хувь нь хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг барааг технологийн горимын дагуу хадгалдаггүй, 26.0 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх барааг ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд худалдаалдаг, 50.5 хувь нь барааг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. 

Дотоод худалдаа зохицуулгагүй байдгийн нэг балаг нь энэ салбар дахь татварын системийн гажуудал. Хэн ямар бизнес хийж, хэдий хэмжээний татвар төлсөн нь мэдэгддэггүй. Гаалийн татварын хувьд нэг ижил төрлийн бараанд хэд хэдэн компани өөр үнэ мэдүүлж өөр өөр татвар төлөх жишээтэй.

Худалдааны хуулийн өөр нэг зохицуулах зүйл бол жижиглэнгийн болон бөөний худалдаа. Өөрөөр хэлбэл хэдэн ширхэг бараа зарвал жижиглэнгийн худалдаачин, хэдийг зарвал бөөний худалдаачин болох вэ гэсэн үг. Эдүгээ бид юу яаж ч зарж байсан “худалдаа” гэсэн үгээр бүгдийг ойлгодог. Үнэндээ олон улсын жишгээрээ жижиглэнгийн худалдаа гэхээр “retail”, бөөний худалдаа гэвэл “whole sale”, харин улс хоорондох экспорт, импортын асуудал гэвэл “trade” гэх зэргээр тус тусдаа ойлголтууд байдаг. Дотооддоо бол борлуулалт буюу sells болдог. Энэ дөрвөн чиглэл тус тусдаа бодлоготой байх ёстой. 

Худалдааны бодлого хамгийн их хэрэгтэй салбар бол мэдээж гадаад худалдаа. Монгол улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж худалдааны эрх зүйн орчинтой болно гэсэн амлалт өгсөн. Гэвч энэ нь одоо болтол биеллээ олоогүй.  Хэрэв Монгол улсыг нэгэн худалдаачин гэж бодвол бид ямар ч ашиггүй, байнга алдагдалтай наймаа хийж байна. Тиймдээ ч жил болгон Монголын гадаад худалдаа алдагдалтай гардаг.

Монгол улсын экспортын бүтэц. 2013 он.

Дурын мөнгөтэй хятад орж ирээд малчдын маань бэлтгэсэн түүхий эдийг үнэ цохиод түүхийгээр нь аваад явчихна. Угаас нимгэн халаастай дотоодын хэдэн үйлдвэрлэгчид гар хоосон үлддэг. Хэн дуртай гадны нөхөр ирээд худалдаа хийдэг, зөрчил гаргасан ч хариуцлага тооцох механизм байхгүй. Худалдааны бодлогогүйг далимдуулж урд хөршөөс ямар түүхий эдээр хийснийг чөтгөр ч мэдэхгүй, хүн, мал, амьтны алинд зориулсан нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн орж ирдэг. 

Худалдааны хууль нэг ёсондоо дотоод зах зээлээ хамгаалах дархлаа юм. Хоёр хөрш маань худалдааны хуулийг аль хэдийнэ баталсан. ОХУ-д худалдаа хийх гэвэл олон төрлийн татвар төлөх хэрэг гарна. Дотоодын хэрэгцээ, шаардлагаа харгалзаж жил бүр импортын барааны гаалийн татвар, тарифаа өөрчилдөг. Худалдаа хийх эрх авлаа гэхэд таныг хэзээ ч, хаана ч явсан юу зарсан, ямар орлого олсон гэдгийг чинь алган дээр мэт ил харна. Тийм л бүртгэлийн системтэй. 

Хятадад очоод наймаа хийе гэвэл экспорт, импортын зөвшөөрөл авахын тулд өндөр шалгуурыг давна.  Тэдэнд дотооддоо баялаг үйлдвэрлэдэг хүн хэрэгтэй болохоос гадны наймаачин хэрэггүй.  Эрээн хот бидний нүдэн дээр хөгжөөд байгаагийн учир нь энэ.

Монголд хятад хүн наймаа хийх, монгол  хүн Хятадад наймаа хийхийн хооронд тэнгэр газар шиг ялгаа бий.

Нэг үгээр хэлбэл Монголд хятад хүн наймаа хийх, монгол  хүн Хятадад наймаа хийхийн хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Малчдаа дэмжих зорилгоор малчдыг малын хөлийн татвараас чөлөөлсөн. Гэтэл ямааныхаа ноолуурыг Хятад руу татваргүй экспортолдог. Ингээд Хятадуудын төлөө малчдаа дэмжээд байгаа юм шиг.

Дэлхийн улс орнуудын худалдааны бодлогоор зохицуулдаг гол салбар бол хүнс. Энэ нь манайх шиг дотоодын хэрэгцээнийхээ 70 хувийг импортоор авдаг улсын хувьд ус, агаар шиг хэрэгтэй.

Одоогоор худалдааны салбарыг 50 гаруй хуулиар хэсэгчлэн зохицуулж байна. Зарим хуулинд худалдаатай холбоотой ганц хоёрхон өгүүлбэр явж байх жишээтэй. Зохицуулахдаа худалдааг чөлөөтэй болгох бус хянаж, цагдсан шинжтэй. Хамаг ачааг иргэдийн нуруун дээр үүрүүлсэн мөртөө татвараар дарамтлах янзтай. Худалдааны асуудал хариуцдаг цорын ганц том байгууллага нь ТББ-ийн статустай Худалдаа, аж үйлдвэрийн танхим. 

Монгол улс ганзагын наймааны системийг халж олон улсын жишиг, стандартыг дотооддоо нутагшуулж, дэлхийн хэмжээнд наймаа хийж сурах хэрэгтэй. Өвөг дээдэс буяныг бүү гарга, бузрыг бүү оруул гэж хэлдэг байсан нь санамсаргүй биш. Чухам ийм л зарчмаар хүн амынхаа аюулгүй байдлыг, үндэсний үйлдэрлэлээ, баялагаа хамгаалах цаг болоод байна.