Д.Оюунхорол: Монгол Улс 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авдаг болно
БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхорол
2015.02.26

Д.Оюунхорол: Монгол Улс 2020 онд хоёр сая жуулчин хүлээн авдаг болно

Ирэх гуравдугаар сарын 2-11-ний өдрүүдэд ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болох Олон улсын аялал жуулчлалын “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол Улс анх удаа түнш орноор оролцохоор бэлтгэлээ хангаад байгаа аж. Жил бүрийн гуравдугаар сард болдог энэ том үзэсгэлэнд нэг л орон түнш орноор оролцдог юм байна. 2015 оны үзэсгэлэнд Монгол Улс түнш орны онцгой эрхтэйгээр оролцох шийдвэр гарснаас хойш бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулжээ. Өчигдөр “ITB Berlin-2015” үзэсгэлэнд албан ёсны түншээр оролцох Монгол Улсын бэлтгэл хэрхэн хангагдсан талаар БОНХАЖ-ын яам, Гадаад хэргийн яам,”Аялал, жуулчлал-Ирээдүй” ТББ зэрэг хамтран оролцогчид мэдээлэл хийв. Энэ үеэр БОНХАЖЯ-ны сайд Д.Оюунхоролтой дараах ярилцлагыг хийсэн юм.

-Албан ёсны түншээр оролцохын хувьд “ITB Berlin-2015”-д Монгол Улс урд өмнө байгаагүй их ач холбогдол өгч байгаа юм аа даа?

Тэгж ойлгож болно. Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Утаагүй үйлдвэрлэл, үл үзэгдэгч экспорт” хэмээгддэг аялал, жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч энэ арга хэмжээнд оролцож байгаа. Яг үзэсгэлэнгийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 3-8-ны өдрүүдэд Берлин хотод болох юм.

Гол түнш орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны нээлтийн үгийг хэлнэ. Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг хангах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа бөгөөд БОНХАЖЯ, Гадаад хэргийн яам, “Аялал, жуулчлал-Ирээдүй” ТББ төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамтран зохион байгуулж байна.

Анх удаа Олон улсын энэ нэр хүндтэй, томоохон үзэсгэлэнг зохион байгуулах ажилд ТББ-ынхан, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулж байгаа нь төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн сайн жишээ болж байна гэж үзэж байгаа.

Үзэсгэлэнгийн үндсэн оролцогчоор Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж БОНХАЖЯ болон Нийслэлийн аялал, жуулчлалын газар, аялал жуулчлалын хувийн хэвшлийн 18 тур оператор компани оролцох бэлтгэлээ хангасан. Үүнээс гадна аялал жуулчлалын салбарын 50 байгууллага, аж ахуйн нэгж үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах уулзалт, хэлэлцүүлэгт оролцоно. Ер нь нийтдээ энэ үзэсгэлэнд Монголын талаас 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй том баг оролцохоор бэлтгэл ажил нь жигдрээд байна.

-Монгол Улс энэ үзэсгэлэнд нэлээн нүсэр бүрэлдэхүүнтэй оролцож байгаагийн хувьд, багагүй зардал гаргах нь тодорхой. Энэ үзэсгэлэнд түнш орноор оролцохын гол ач холбогдол нь юу вэ?

“ITB Berlin-2015” үзэсгэлэн бол аялал, жуулчлалын салбарын дэлхийн хэмжээний хамгийн том үзэсгэлэн, яармаг гэж ойлгож болно. Энэ удаа Монгол Улс гол түнш орноор оролцож байгаагийн хувьд Берлинд гурван том стендийг бүтэн сарын хугацаанд барьж байгуулж, тохижууллаа. Одоо бэлтгэл ажил 100 хувь хангагдсан гэж үзэж болно.

Энэ үзэсгэлэн, яармагийн арга хэмжээнд зориулан улсын төсвөөс 5.4 тэрбум төгрөг зарцуулж байгаа бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2.5 орчим тэрбум төгрөг буюу нийтдээ Монгол Улс төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад “ITB Berlin-2015” үзэсгэлэнд найм орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр оролцож байгаа.

Энэ том үзэсгэлэнд манай хувийн хэвшлийн аялал, жуулчлалын компаниуд 2.5 тэрбум орчим төгрөг гаргаж, төрийн нуруун дээрээс том ачаа үүрч, үүргээ маш сайн гүйцэтгэн оролцож байгаад БОНХАЖЯ-ны сайдын хувьд үнэхээр сэтгэл өндөр байгаа. Монголчууд эвсэн нэгдэж, хэл амаа ололцоод ажиллаж чадвал ямар том ажлыг нугалж, бүтээж чадахын томоохон жишээ гэж энэ үзэсгэлэнг харж байна. Онцгойлон “Аялал, жуулчлал-Ирээдүй” ТББ-ынханд баяр хүргэхийг хүсч байна.

Ач холбогдлын хувьд энэ үзэсгэлэнд оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30 хувь нэмэгддэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тухайлбал, 2010 онд түншийн статустай оролцсон Турк улсын хувьд 2010 онд жуулчдынх нь тоо 28.6 сая байсан бол 2011 онд 31.4 сая болж есөн хувиар, 2012 онд 39.7 сая болж 26 хувиар, 2013 онд дахин 20 хувиар өссөний дүнд дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг улсуудын зургаадугаарт орсон байх жишээтэй.

Монгол Улсын Засгийн газраас 2016 онд гаднаас ирэх жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавьсан. Статистик тоо баримтаас харвал 2013 онд 417 мянга, 2014 онд 392 мянган жуулчин Монголд ирсэн байна. Ер нь Монгол Улс аялал, жуулчлалын салбараараа өрсөлдөхүйц хэмжээнд очихын тулд тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулж, Олон улсын хэмжээнд маркетинг, менежмент хийх, мөн бүтээгдэхүүний сонголт, үйлчилгээ, чанарыг сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Энэ үүднээс “ITB Berlin-2015” үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцож байгаагаараа Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбарт илүү анхаарал хандуулж байгаагаа дэлхий нийтэд харуулахын зэрэгцээ, эдийн засгаа олон тулгууртай болгон солонгоруулах чиглэлд томоохон түлхэц болох учиртай.

-Энэ үзэсгэлэнг ойрол­цоогоор хэдэн мянган хүн үзэж сонирхдог юм бол. Хэвлэл мэдээллийн гол түнш байгууллага нь хаанах байх вэ?

Үзэсгэлэнгийн үеэр болон дараа нь бүтэн жилийн турш Монголын талаарх мэдээллийг Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээний бүхий л сувгуудаар дамжуулан Европын холбооны орнуудын 570 сая гаруй үзэгчдэд хүргэх юм билээ.

Яг “ITB Berlin-2015” үзэсгэлэнг нийтдээ дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирэх 170 мянга гаруй хүн үзэж сонирхоно. Түүнээс гадна дэлхийн 190 орны 10 мянга гаруй аялал, жуулчлалын салбарт хамааралтай байгууллагууд оролцох тооцоо гарсан байсан. Газар дээрээс нь сурвалжилж, дэлхий даяар түгээх хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд 8000 гаруй баг, бүрэлдэхүүн ирэх тооцоо гарсан байна лээ.

Түүнээс гадна аялал, жуулчлалын дэлхийн чиг хандлагын талаарх зарим мэдээллийг хэлэхэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 1975 онд байгуулагдаж өнөөдөр 156 бүрэн гишүүн орон, 40 гаруй ажиглагч орнууд, Олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс бүрддэг бөгөөд Монгол Улс тус байгууллагад 1990 онд гишүүнээр элсэн орсон байдаг.

-Энэ үзэс­гэлэнд Монгол Улс яг ямар ямар үзүүл­бэртэй, урлаг соёлын багтай оролцох вэ?

Монгол Улсын зүгээс “Монгол бол яз­­гуурын нүүдэлчин”, “Монгол бай­­галиас заяасан нүүдэл­чин”, “Монгол байгальд ойр нүүдэлчин” зэрэг сэдвүүдээр энэ үзэсгэлэнд оролцоно. Хамгийн гол нь Монгол бол та бүгдийн зайлшгүй жуулчлах орны нэг шүү гэдгийг гадаадын олон мянган төлөөлөгчдөд ойлгуулах, нүүдэлчдийн дахин давтагдашгүй өв соёл, язгуур урлаг, орчин үеийн сонгодог урлагтай нэг дор танилцах бололцоо олгохоороо энэ удаагийн үзэсгэлэн, яармаг туйлын их ач холбогдолтой болно.

Энэ үзэсгэлэнгийн соёлын элчээр олимпийн аварга Н.Түвшинбаяр, балетчин Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг гээд урлаг, спортын одууд оролцоно.

Энэ үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд даргалж байгаа нь Монгол Улсад нэг жилд ирж байгаа жуулчдаас олж байгаа 253.8 сая ам. доллар буюу ДНБ-ний 5.29 хувийг ойрын жилүүдэд хоёроос гурав дахин нэмэгдүүлэх зорилго тавиад байгаагийн гол учир, шалтгаан гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл Монгол Улс 2020 он гэхэд жилдээ хоёр сая жуулчин хүлээн авч, ДНБ-нийхээ 14 хувийг зөвхөн аялал, жуулчлалын салбараас олдог болох томоохон зорилт дэвшүүлээд байгаа учир энэ удаагийн үзэсгэлэнд бид ихээхэн амжилттай оролцох зайлшгүй шаардлагатай.

Байгаль дэл­­хийдээ ухаал­­гаар аялж, тухайн байгалийг хамгаалах, экологийн тэнц­­вэрийг алдагдуулахгүйгээр нутгийн оршин суугчдад нийгэм, эдийн засгийн тус­­лалцаа үзүүлэх зорилготой аялал жуулчлал, эко туризмыг Монголд хөгжүүлэх бүрэн боломжтой гэж Шийдлийн Засгийн газар үзэж байгаа.

Тийм ч учраас цаашдаа Монголд аялал жуулчлалыг дэлхийн түвшинд ойртуулан хөгжүүлэхийн тулд дэд бүтцийнх нь хувьд томоохон дэвшил гаргах зайлшгүй шаардлагатай гэж үзэн Үндэсний стратеги, төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байгаа. Монголд ирсэн жуулчдын аюулгүй байдлыг бүрэн хангах, аялал жуулчлалын салбарын стандартыг шинэчлэх, энэ салбарын хүний нөөцийг чадавхижуулахад онцгой анхааран ажиллах зорилт дэвшүүлээд ажиллаж байгааг хэлэх ёстой.

524