“Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулав
Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, С.Бямбацогт, О.Содбилэг, Д.Сумъяабазар нар ач санах агуулга бүхий “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийн /шинэчилсэн найруулга/ төслийг санаачлан боловсруулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар өнөөдөр /2015.02.09/ мэдээлэл хийлээ.
Хуулийн төслийг боловсруулахдаа Ахмад настны эрүүл мэндийг дэмжих,Тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох, Ахмадуудыг орон сууцаар хангах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Сувилал, амралт гэсэн таван бодлогын хүрээнд боловсруулсан бөгөөд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна.
Ахмад настны өнөөдрийн авч байгаа тэтгэвэр тэтгэмжийг зөв оновчтой хэлбэрт шилжлүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулах, тэтгэвэр тэтгэмжийн зээлийн хүүг бууруулах зэрэг асуудлыг энэхүү хуулийн төсөлд тодорхой тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр хэлэв.
Мөн тэрээр, татвар төлөгчдийн мөнгө төсвөөр дамжин томоохон орон сууны хорооллын инженерийн шугам сүлжээнд буцалтгүй тусламж хэлбэрээр очиж байгаа. Үүнийг шат дараатай зохицуулж нийт өгсөн мөнгөтэй дүйцэхүйц орон сууцыг төр эзэмшилдээ авч ахмадуудын өмнө тулгамдаж буй орон сууцны асуудлыг шийдвэрлэх боломжтойг онцлов.
Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Ахмад настны хөдөлмөр эрхлэх боломжийг хуулийн төсөлд тусгаж буй. Ахмадуудын дунд хийсэн судалгаагаар тэдгээрийн 68 хувь нь хөдөлмөр эрхлэх хүсэлтэй, хөдөлмөрийн чадвартай нь тодорхой болсон. Тиймээс энэ хүмүүс олон жилийн мэдлэг туршлагадаа тулгуурлан хөдөлмөр эрхэлж орлого олох боломжийг бүрдүүлэх, ахмад настанд үзүүлэх үйлчилгээг төрөөс дэмжих асуудлыг нарийвчлан оруулсан тухай танилцуулав.
Энэ хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил, оролцоог дэмжих, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд 4 бүлэг, 14 зүйлтэй. Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлах зарчмаар үзүүлэхээр хуульчилж, дэмжлэг үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас давуу талтай болсон гэж хууль санаачлагчид үзэж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.