АХБ-ны зүүн Азийн бүс хариуцсан Ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн яам Азийн хөгжлийн банктай хамтран Эрүүл мэндийн салбарын хөгжил анхны хөтөлбөрийг 1997 оноос тасралтгүй хэрэгжүүлжээ.
2015.01.21

АХБ-ны зүүн Азийн бүс хариуцсан Ерөнхий захирлыг хүлээн авч уулзлаа

Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Азийн хөгжлийн банк /АХБ/-ны зүүн Азийн бүс хариуцсан Ерөнхий захирал Аюуми Кониши болон тус банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Эрүүл мэндийн яам Азийн хөгжлийн банктай хамтран Эрүүл мэндийн салбарын хөгжил анхны хөтөлбөрийг 1997 оноос тасралтгүй хэрэгжүүлж, одоогийн байдлаар тавдугаар хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.

АХБ-ны Азийн бүс хариуцсан Ерөнхий захирал Аюуми Кониши хэлэхдээ сайд Г.Шийлэгдамбад хандан “Монголын туршлагатай улс төрч Г.Шийлэгдамба та Эрүүл мэндийн салбарыг удирдах болсонд баяртай байна.

Бид цаашдаа ч гэсэн хамтарч төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх сонирхолтой байна. Та одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж анхаарал хандуулаарай. Бид удахгүй дараагийн төсөл болох 6 дахь төслөө бэлтгэж, 2015 ондоо багтаан хэрэгжүүлэх сонирхолтой байгааг дэмжин ажиллахын хүсье” гэсэн юм.

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба АХБ-наас манай улсад хөнгөлттэй зээл тусламж олгож, хамтарч ажилладагт нь талархал илэрхийлээд “Энэ долоо хоногийн баасан гарагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзах цаг авсан. Энэ уулзалтаар салбарынхаа тулгамдсан олон асуудлын талаар ярих юм. Монголын бүх улс төрчид эрүүл мэндийн салбартаа санаа зовнидог. Энэ салбарын асуудал дээр илүү бодитой ханддаг болов уу гэж боддог. Тэр уулзалтын өмнө та бүхэнтэй уулзаж тодорхой мэдээлэл авсандаа талархаж байна. Цаашид ч хамтран ажиллах болно” гэснээр уулзалт өндөрлөсөн юм.