Гурван сая дахь иргэнээ угтаж авах бэлтгэл ажилтай танилцлаа
Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдааныг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдаж тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, бусад хүмүүс оролцлоо.
Хурлаар Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм. Гурван сая дахь иргэнийг төрсөн он,сар, өдөр, цаг, минутаар эрэмбэлэн тодруулахдаа Улаанбаатарын цагийг харгалзахаар болжээ.
Улаанбаатарын цагаас нэг цагийн зөрүүтэй байдаг баруун гурван аймаг болон гадаад улс оронд төрсөн хүүхдийн мэндэлсэн цагийг Улаанбаатарын цагт шилжүүлэн бүртгэх юм байна. Цагийн зөрүүтэй аймгуудад 3 сая дахь иргэний чацуутныг бүртгэхдээ орон нутгийн цагийг харгалзах талаар мөн дурдлаа.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханы мэдээлснээр Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодорхойлох ажлын бэлтгэлийг хангахаар Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран ажиллажээ. Энэ 2015 он гарахад Монгол Улс 2.995 949 хүн амтай байсан байна. Хүн амын тоо дахин 4051-ээр нэмэгдэж байж 3 сая дахь иргэнтэй болно гэсэн тоо бүртгэлийг оны эхний өдөр гаргаж нийтэд зарласан гэлээ.
Түүнээс хойш улсын хэмжээнд шинээр мэндэлсэн нийт хүүхдийн тоог өдөр тутам болон долоо хоногоор гарган ажиллаж байгаа юм байна. Гадаадад байгаа Монгол Улсын иргэдийн хувьд шинэ төрсөн хүүхдийн тоог тухайн улс дахь консулаар дамжуулан авч байгаа бөгөөд 2015 он гарсаар нэг хүүхэд мэндэлсэн тухай мэдээлэл иржээ.
Гадаадад төрсөн Монгол Улсын иргэдийн хүүхдийг тухайн өдөрт нь багтаан Консулын газартаа мэдээлэх бол алслагдсан хөдөө газар гэртээ төрсөн хүүхдийг мөн өдөрт нь сумандаа мэдэгдэх учиртайг ажлын хэсгийн гишүүд хэлжээ.