АН-ынхан С.Ганбаатарын шаардлагыг хүлээж авлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хүүхдийн болон одонтой эхчүүдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийг танахгүй гэдэг шийдвэрийг гаргалаа.
Өмнө нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Хэрэв дээрх мөнгийг танах шийдвэр гаргавал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдэж байсан билээ.
Тэрбээр уг асуудлаар иргэдээс санал авсан бөгөөд иргэдийн зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах арга хэмжээ авах тухай үгээ хүртэл дайсан байдаг.
Тодруулбал, С.Ганбаатар гишүүнийг өнгөрсөн долоо хоногт Архангай, Баянхонгор аймагт ажиллах үеэр түүнд иргэд ийнхүү захижээ. Үүнээс гадна Дархан-Уул аймагт Ерөнхий сайдын санаачилгын талаарх санал асуулга ид өрнөж байгаа бөгөөд Дарханчуудын ихэнх хувь нь хүүхдийн болон одонтой ээжүүдийн мөнгө, жирэмсэн эхчүүдийн тэтгэмжийг хасахыг эсэргүүцсэн байна.
Ямартаа ч С.Ганбаатараар дамжуулсан ард түмний эсэргүүцэл үр дүнд хүрч, Ардчилсан намынхан бууж өгч, Ерөнхий сайдынхаа саналыг хэрэгсэхгүй болголоо.