Зэвсэгт хүчний хөгжлийн санд 5 тэрбумыг нэмж тусгах саналыг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.01.14/ хуралдаан 10 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Сангийн яамны ажлын хэсгийн гишүүд болон тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид оролцов.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Батхүү өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин хэлэлцэж өрийн таазыг нэмэгдүүлэх эсэх асуудлыг шийдсэний дараа 2015 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийхээр болсон тул энэ асуудлыг түр хойшлуулах горимын санал гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын энэ оны төсвийн тухайд өрийн таазтай холбоотой асуудал яригдахгүй бол төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх санал гаргав.
Энэ саналтай холбогдуулан Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нар тухайн салбарын яамдын энэ оны төсөвт өрийн таазыг нэмэгдүүлэхтэй холбогдсон хөрөнгө оруулалтын ямар нэг асуудал байхгүй гэдгээ хэлсэн тул Г.Батхүү гишүүн горимын саналаа татаж авсан юм.
Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж УИХ-ын гишүүн О.Содбилэг, Н.Энхболд, Ж.Энхбаяр нар Сангийн яамны ажлын хэсэг болон салбарын сайд, төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж хариулт авав.
Мөн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд Зэвсэгт хүчний жанжин штаб нь бусад байгууллагаас ихээхэн онцлогтой газар учраас урьд нь нэг орлогчтой байсныг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн санал гаргасан юм. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт энэ асуудлын тухайд Засгийн газрын тогтоолоор 100 хүртэл хүнтэй байгууллага орлогч, дэд даргагүй байхаар шийдвэрлэсэн.
Зэвсэгт хүчний жанжин штабын тухайд урьд нь нэг орлогчтой байсан нь энэ тогтоолоор хасагдаж, 12 сая 800 мянган төгрөгийн төсөв хэмнэхээр байгаа. Байнгын хороо тус газрыг нэг орлогчтой хэвээр байлгахаар шийдвэл төсөвт нь зохицуулалт хийгээд явах боломжтой. Гэхдээ Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн хариулт өгсөн юм.
Ингээд гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Зэвсэгт хүчний жанжин штабын орлогчийн орон тоог хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь, Зэвсэгт хүчний хөгжлийн санд 5 тэрбумыг нэмж тусгах саналыг 83.3 хувь нь дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн О.Содбилэгийн гаргасан Гадаад хэргийн яамны ёслол хүндэтгэлийн өргөөний үлдэгдэл хөрөнгийг төсөвт нэмж тусгах санал олонхын дэмжлэг авч чадсангүй. Байнгын хороо эдгээр санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.